СУРВАЛЖИЛГА: Их Британийн Ерөнхий сайдын дүүг залилсан “Засаг Чандмань майнз” гэж ямар компани вэ

СУРВАЛЖИЛГА: Их Британийн Ерөнхий сайдын дүүг залилсан “Засаг Чандмань майнз” гэж ямар компани вэ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Монголын уул уурхайн компанид их хэмжээний хөрөнгөө залилуулсан тухай нийтлэл Английн “Таймс” сонинд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн/ энд дарж уншина уу/.

Тодруулбал, одоогоос зургаан жилийн өмнө Борис Жонсоны дүү Максимилиан Жонсон GRF хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулан Монголын “Засаг Чандмань майнз” компанид 14 сая фунт стерлинг/19 сая ам.доллар/ залилуулсан байдаг. Тус компанийн удирдлагууд хөрөнгө оруулалт авсныхаа дараа өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн нэрээр хуурамч компани байгуулж, туслан гүйцэтгэх ажил, тоног төхөөрөмж нийлүүлэх нэрийдлээр завшсан байна. Улмаар хохирогчдын нэг болох Максимилиан Жонсон удаа дараа гомдол гаргаж, өнгөрсөн онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгад захидал хүртэл илгээж байсан юм. Тэгвэл саяхан тэрбээр дахин Монголын шүүх удаан ажиллаж буйд гомдолтой байгаа талаараа “Таймс” сонинд ярьжээ.

Тайлбар: "Засаг чандмань майнз"-ын оффис

-“ЗАСАГ ЧАНДМАНЬ МАЙНЗ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХАА БОЛИОД УДАЖ БАЙНА ГЭВ-

Чухам “Засаг Чандмань майнз” гэж хэний эзэмшлийн, ямар компани байв. Тус компани нь 2010 онд ашигт малтмалын хайгуул, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим системд компанийн хувьцаа эзэмшигч Д.Буянтогтох, гүйцэтгэх захирал нь П.Инжулбаа гэх хүмүүсийн нэр байгаа юм.

Хөрөнгө оруулалтын мөнгийг хувьдаа завшсан нь баримтаар нотлогдсоны дараа Д.Буянтогтох болон уурхайн хоёр удирдах албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах шийдвэр гаргасан байдаг. Гэвч 2019 онд анхан шатны шүүхээр тэдний баривчлах саналыг хүчингүй болгосноор Д.Буянтогтох Монголоос гарсан. Одоо түүнийг интерполоор эрэн сурвалжилж буй. Тэднийг суллаж оргон зайлах боломж олгосон явдалд тун гайхширсан талаараа Максимилиан Жонсон ярьсан байдаг. Тэрбээр “Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа "Хэрэг прокурорын ширээн дээр очоод удаж байна. Ихэнх тохиолдолд яллах дүгнэлтийг нэг сарын дотор гаргадаг боловч бидний хэрэг таван сарын турш прокурорт хүлээгдэж байна. Энэ л ихээхэн санаа зовж байна” гэжээ.

Тэгвэл бид хэргийн эзэн “Засаг Чандмань майнз” компани үйл ажиллагаагаа явуулж буй эсэхийг нягтлахаар Чингэлтэй дүүргийн Урт цагааны гудамжинд байрлах оффис руу нь очсон юм. Гэвч цоожтой хаалга биднийг угтсан бөгөөд үүдний харуулаас нь тодруулахад “Засаг Чандмань майнз” манай барилгад байдаг нь үнэн. Гэхдээ тогтмол үйл ажиллагаа явуулахаа болиод удаж байна. Хаягаа ч авчихсан. Хүмүүс нь хааяа ирдэг” гэсэн юм.

Тайлбар: "Засаг чандмань майнз"-ын оффис

-ЭНЭ МЭТ ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ МОНГОЛООС ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ “ҮРГЭЭХ ҮҮ”-

Дээр дурдсанчлан Макс Жонсон өнгөрсөн онд Ерөнхийлөгч асанд захидал илгээхдээ “Асуудал шийдэгдэхгүй удаж байна. Монголд итгэж хөрөнгө оруулсан. Бидний зорилго бол алдсан алдагдлаа нөхөн төлүүлэх. Дараагийн алхмаа дээд түвшинд, тэрнээс цааш улс төрийн хэмжээнд хүргэнэ“ гэж хэлж байв. Тэгвэл одоо тэр дараагийн алхмаа хэрэгжүүлж эхэлсэн бололтой. Хэдий “Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа энэ хэрэгт гэр бүлийнхнийгээ оролцуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн боловч “Их Британийн эрх баригчид түүнд тусалж чадах болов уу” гэсэн асуултад тэр “Тийм ээ, хэрэв гараа сунгавал татгалзахгүй. Энэ миний найдаж байгаа зүйлсийн нэг” гэжээ.

Мөн “Монгол Улсын шүүхээр дамжуулан хохирол, нөхөн төлбөрөө ойрын хугацаанд нөхүүлж авна гэдэгтээ итгэлтэй байна. Монголын шүүх хараат бус, гадаадын хөрөнгө оруулагчдад шударга байж чадахаа харуулах нь хамгийн чухал" гэжээ.

Энэ мэт Их Британийн томоохон сониноор зогсохгүй, барууны хэд хэдэн хэвлэлүүдэд “Борис Жонсоны дүү Монголын компанид залилууллаа” гэсэн агуулга бүхий нийтлэл сүүлийн өдрүүдэд нүүр улайлгах болов. Улс орнуудын эдийн засгийн хөгжлийн гол гүүр нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Энэ ч утгаараа Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол руу татах бодлого хэрэгжүүлэхийг зорьсоор ирсэн. Гэвч гадаадын томоохон хөрөнгө оруулалтууд дээрхийн адил бүтэлгүйтсээр байвал манай улсын цаашдын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх нь цаг хугацааны асуудал болоод байна.