Японы гүнж Макогийн нөхөр өмгөөлөгчийн шалгалтад "ТЭНЦЭЭГҮЙ" хэмээн шүүмжлэлд өртөв

Японы гүнж Макогийн нөхөр өмгөөлөгчийн шалгалтад "ТЭНЦЭЭГҮЙ" хэмээн шүүмжлэлд өртөв

Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдөр /2021.10.26/ Японы гүнж Мако энгийн иргэнтэй хуримаа хийн, албан ёсоор хааны удмын цол хэргэмээ хүлээлгэж өгсөн билээ. Тэрбээр хуульч мэргэжилтэй Кей Комуротой хуримаа хийсэн юм.

Тэгвэл тэд хааны гэр бүлээс гарахад санал болгодог их хэмжээний төлбөрөөс татгалзсан бөгөөд АНУ-руу нүүж, амьдрахаар болсон тухай тус улсын хэвлэл шуугиад байгаа юм. Иймд гүнжийн нөхөр болох Комуро нь гэр бүлээ авч явах үүрэг хариуцлага үүрч, олны нүдэнд өртсөн амьдралдаа энгийн төгс амьдралыг бүтээх ёстой хэдий ч хуульч мэргэжилтэй тэрбээр өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй талаар мэдээлжээ.

Тодруулбал, тэрбээр АНУ-ын Фордхэмийн их сургуулийн хуулийн сургуулийг хууль зүйн докторын зэрэг хамгаалсны дараа Нью Жерсид төвтэй “Lowenstein Sandler LLP” хуулийн фирмд хуулийн зөвлөхөөр ажилд оржээ. Иймд ажлын журмаар нүүсэн хэдий ч  Нью-Йорк мужийн хуульчдын холбооны шалгалтад тэнцээгүй байна.

Шалгалтын дүнг өнгөрсөн аравдугаар сарын 29-ны баасан гарагт тус мужийн хуулийн шалгалтын зөвлөлийн вэбсайтад нийтэлсэн бөгөөд тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт дунд Комурогийн нэр байгаагүй аж. Тус шалгалтад 9227 хүн хамрагдахаас 5791 нь тэнцсэн болохыг шалгалтын комиссоос мэдэгджээ.