"Ж.Эпштейн" гэж Б.Баярбаатарыг элийрч байхад НӨАТ-ын буцаалтыг нэмэх, Замын төлбөрийг бууруулах иргэдийн өргөдөл дэмжигдсэнгүй

"Ж.Эпштейн" гэж Б.Баярбаатарыг элийрч байхад НӨАТ-ын буцаалтыг нэмэх, Замын төлбөрийг бууруулах иргэдийн өргөдөл дэмжигдсэнгүй

Өнгөрсөн лхагва гарагт Жеффри Эпштейний хэрэг, Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдтэй холбоотой дуулиан цахим орчны гол сэдэв байлаа. Харин иргэдийн амьдралд шууд нөлөөлөх татвар, төлбөрийн дарамтыг бууруулах тухай нийтийн өргөдлүүд УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэн ч төдийлөн анхаарал татсангүй.

"ИРГЭД НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, АВТОМАШИНЫ ТАТВАР, ЗАМЫН ХУРААМЖИЙГ БУУРУУЛАХЫГ ХҮСЛЭЭ"

Өнгөрсөн лхагва гарагт Төсвийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар иргэдээс ирүүлсэн гурван өргөдлийг хэлэлцлээ. Үүнд:

  • НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 8 хувь болгох;

  • Автомашины албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг бууруулах;

  • Орон нутгийн замын хураамжийг багасгах тухай саналууд багтсан юм.

Гэвч эдгээрээс зөвхөн орон нутгийн замын хураамжийг бууруулах асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болсон бол нөгөө хоёр санал дэмжлэг авсангүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн татвар, төлбөрийн дарамтыг бууруулах хүсэлтийг цаашид судалж, боломжит шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулах санал УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадсангүй.

Тодруулбал, нийтийн цахим өргөдлийн D-Petition системээр дамжуулан иргэд эдгээр асуудлыг УИХ-д тавьжээ. Иргэн Э.Баясалцэнгэл автомашины албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг бууруулах тухай өргөдлийг дөрөвдүгээр сарын 17-нд санаачилсан бол иргэн Б.Болорчулуун НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх өргөдлийг долдугаар сарын 24-нд эхлүүлсэн байна. Эдгээр өргөдөлд нийт 33 мянган иргэн дэмжлэг үзүүлжээ.

"АВТОМАШИНЫ ТАТВАР, ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ САНАЛ ХОЁР ДАХЬ УДААГАА УНАВ"

Хамтарсан хуралдаанаар эхлээд автомашины албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг бууруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах санал хураахад хуралдаанд оролцсон 31 гишүүний 17 нь дэмжээгүй байна. Тодруулбал, Н.Алтанхуяг, Т.Аубакир, Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Ж.Галбадрах, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Х.Жангабыл, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Г.Лувсанжамц, Ч.Ундрам, Р.Эрдэнэбүрэн нар ажлын хэсэг байгуулахыг дэмжээгүй юм. Мөн ажлын хэсэгт ажиллах сонирхлоо илэрхийлсэн гишүүд цөөн байжээ.

Үүний дараа НӨАТ-ын буцаан олголтыг 8 хувь болгох асуудлаар ажлын хэсэг байгуулах санал хураахад мөн л дэмжлэг авсангүй. Энэ удаагийн санал хураалтаар Н.Алтанхуяг, Т.Аубакир, Х.Баасанжаргал, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, П.Ганзориг, Ц.Даваасүрэн, Б.Заяабал, Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Ч.Номин, Д.Рэгдэл, Ч.Ундам, Р.Эрдэнэбүрэн нар ажлын хэсэг байгуулахыг дэмжээгүй юм.

Ийнхүү иргэдийн татварын ачааллыг бууруулахтай холбоотой хоёр асуудлаар ажлын хэсэг байгуулах санал дараалан унав. Гэхдээ ажлын хэсэг байгуулахыг дэмжээгүй нь татварыг бууруулахыг зарчмын хувьд эсэргүүцсэн гэсэн үг биш. Харин тухайн асуудлыг тусгайлан судалж, эдийн засгийн тооцоо хийж, бодлогын шийдэл боловсруулах механизмыг эхлүүлэх боломж бүрдсэнгүй. Угтаа автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөрийн асуудал нь Нийслэлийн ИТХ-аас 2024 онд эдгээр төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэртэй холбоотой. Тухайн үед автомашины албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн бөгөөд үүний дараа иргэд татвар, төлбөрийг бууруулах хүсэлтээ УИХ-д уламжилж байв. Өөрөөр хэлбэл, автомашины татвар, зам ашигласны төлбөрийг бууруулах асуудал УИХ-ын байнгын хорооны түвшинд ийнхүү хоёр дахь удаагаа дэмжлэг авсангүй.

"ХОЁР САНАЛ ХУРААЛТАД ДАРААЛАН ТАТГАЛЗСАН ЕСӨН ГИШҮҮН БАЙВ"

Иргэдийн шаардлага тодорхой. Нэмэгдсэн татвар, төлбөрийн дарамтыг бууруулах боломжийг судалж, бодит шийдэл гаргах. Улмаар автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөрийг бууруулах болон НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулах санал дараалан унахад хоёр санал хураалтад хоёуланд нь дэмжээгүй байр суурь илэрхийлсэн есөн гишүүн байв. Тэдгээр нь Н.Алтанхуяг, Т.Аубакир, Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ж.Ганбаатар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Р.Эрдэнэбүрэн, Ч.Ундрам нар юм.  Иргэдийн олон мянган хүний дэмжлэг авсан өргөдлүүдээр бодит шийдэл боловсруулах боломж ийнхүү дахин хойшиллоо.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө