БАРИМТ: Булган аймаг "тусгай хэрэгцээ"-ндээ аваад байсан лицензийг Боксын холбооны В.Ганзориг гэгч Х.Нямбаатарын нэрийг барьж өөрийн компанидаа авсан уу

БАРИМТ: Булган аймаг "тусгай хэрэгцээ"-ндээ аваад байсан лицензийг Боксын холбооны В.Ганзориг гэгч Х.Нямбаатарын нэрийг барьж өөрийн компанидаа авсан уу

Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсан газрыг шүүхийн нэрийн дор Төрийн өмчийн компанийн охин компани өөрийн нэр дээр авч, улмаар тус газрыг авахаар улайрч байсан хувийн компанид шилжүүлсэн анхаарал татам нэгэн лицензийн түүхийг сөхье.

2018 онд Булган аймгийн ИТХ-аар тус аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутагт байрлах “Туулын Их тохойрол” хэмээх газрыг орон нутгийнхаа тусгай хэрэгцээнд авч, хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-т хүргүүлж, дүгнэлт гаргуулсан байна.

-ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВСАН ТУС ГАЗРЫГ
“ГЛИЙМСТАР” ХХК АВАХААР ШҮҮХДЭЖ БАЙЖЭЭ-

Гэтэл 2019 онд “Глиймстар” ХХК дээрх газрын лицензийн талаар захиргааны хэргийн хоёр шатны шүүх болон Дээд шүүхэд гомдол гаргасан ч, шүүх тэдний гомдлыг үндэслэлгүй хэмээн хүлээж аваагүй байна. Улсын дээд шүүхийн тогтоолыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин саяхан АМГТГ-ын кдастрын хэлстийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.Батмагнай “Туулын Их тохойрол” хэмээх газрын лицензийг Монголросцветмент ТӨҮГ-т харъяалагдах “Шижир-Алт” ХХК-д шүүхийн шийдвэрээр олгосон аж. Гэтэл тус компани төд удалгүй дээрх газрын лицензийг “Глиймстар” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаж, үүнийг нь Д.Батмагнай дарга гүйцэлдүүлсэн байна.

Товчхондоо, Бүрэгхангай сумын нутагт байрлах  “Туулын Их тохойрол” хэмээх газрын лицензийг өдгөө “Шижир алт” бус “Глиймстар” ХХК эзэмших болж, “магадгүй мөрөөдөл”-өө биелүүлжээ.

Кдастрын зураг: “Туулын их тохойрол” хэмээх газрын лиценз талбай

Харин энэ бүхний ард АМГТГ-ын кдастрын хэлстийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батмагнай, мөн Монголросцветмент ТӨҮГ-ийн захирал Б.Мөнхбат болоод Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч В.Ганзориг нарыг тойрсон авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх хардлага төрж байгаа юм.

Иймд бид тус лиценз ямар замаар “Глиймстар” ХХК-д дахин шилжсэн талаар АМГТГ-ын кдастрын хэлстийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.Батмагнайгаас тодруулав.

ВИДЕО:

Тэрбээр, “2018 онд Булган аймаг тус газрыг тусгай хэрэгцээнд авсан байсан. Улмаар “Шижир алт”, “Глиймстар” гэж хоёр компани манай байгууллагыг шүүхэд өгсөн.

Өөрөөр хэлбэл, манай лицензийг 2012 онд цуцалсан байна. Энэ цуцалсан шийдвэрээ хүчингүй болгож, эргэж манай лицензийг буцааж өг гэдэг агуулгаар шүүхэд өгсөн.

2020 оны есдүгээр сарын хоёрны өдөр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарахдаа “Энэ компанийн урт нэртэй хуультай давхцалгүй хэсэг дээр нь лицензийг нь сэргээж өг” гэсэн шийдвэрийг манай байгууллагад даалгасан. Энэ шийдвэртэй холбогдуулаад Монголросцветмент ТӨҮГ-аас болон “Глиймстар” компаниудаас удаа дараа манай байгууллагад бичиг ирүүлсэн. Энэ лицензийг холбогдох шүүхийн шийдвэрийн хүрээнд биелүүл гэдэг албан бичгийг удаа дараа ирүүлсэн.

Тодруулбал, Монголросцветмент ТӨҮГ болон “Глиймстар” компаниас дахин манай байгууллагад удаа дараа бичиг ирүүлсэн. Хамгийн сүүлд 2021 оны долоодугаар сарын 24-ний өдөр, 2021 хоёрдугаар сарын нэгний өдөр гэх мэтчилэн албан бичиг нь хувийн хэрэгт архивлагдаж байна. Тиймээс бид шүүхийн шийдвэрийг биелүүлсэн”хэмээн худал ярив.

Учир нь 2020 оны есдүгээр сарын хоёрны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт, нэхэмжлэгчээр зөвхөн “Шижир алт” ХХК орсон байх аж. Харин Д.Батмагнай даргын хэлсэнчлэн “Глиймстар” ХХК энд ямар ч оролцоогүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт хариуцагч тал болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, Уул Уурхайн Кадастрын Албаны даргын 2009 оны 469 дүгээр шийдвэрээр “Шижир алт" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн” болохыг тайлбарлажээ. Тиймээс ч шүүхийн шийдвэр зөвхөн “Шижир алт”-д хамааралтай буюу хилийн заагаас чөлөөлөгдсөн 31,75 га талбайн хэмжээгээр нэхэмжлэгч “Шижир алт” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг зааж өгөх нь зүйтэй гэж шүүх үзжээ.

Харин энд “Глиймстар” гэсэн НЭГ ч үг, ӨГҮҮЛБЭР байхгүй. Гэтэл Б.Батмагнай дарга “Шүүхийн шийдвэр гарсан. Тэр ч бүү хэл уг шийдвэрийн дагуу “Глиймстар” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гэсэн албан бичиг ирж байсан болохыг онцолсон. Шүүхийн шийдвэр зөвхөн “Шижир алт” ХХК-д хамааралтай атал ямар учраас “Глиймстар” тус байгууллагад албан бичиг хүргүүлж байсан нь хачирхалтай.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг ЭНД ДАРЖ үзнэ үү

-МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ В.ГАНЗОРИГ ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАРЫН НЭРИЙГ БАРЬЖ, ТУС ГАЗРЫГ ӨӨРИЙН БОЛГОСОН УУ-

Орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад байсан тус газрын лицензийг “Глиймстар” ХХК авч “магадгүй мөрөөдлөө биелүүлэх” -д Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч В.Ганзориг нөлөөлсөн байж болзошгүй байгаа юм. Учир нь 2019 онд тус газрыг “Глиймстар” ХХК авахаар шүүхэд хандаж байсан ч авч чадаагүй. Харин тус компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлаар В.Ганзориг томилогдож, удалгүй 10 хоногийн дараа тус газрын лиценз төрийн өмчит “Шижир-Алт” ХХК-иас Глиймстар ХХК-д шилжсэн байгаа юм.

Тодруулбал, Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр энэ оны есдүгээр сарын 09 /2021.09.09/-ны өдөр Х.Нямбаатар сонгогдож, улмаар В.Ганзориг тус холбооны дэд ерөнхийлөгч болжээ. Харин В.Ганзориг энэ оны есдүгээр сарын 10 /2021.09.10/-ны өдөр “Глиймстар” ХХК-ийн гүйцэтгэх захирал, улмаар есдүгээр сарын 20 /2021.09.20/-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч болсон байна. Ингээд есдүгээр сарын 29 /2021.09.29/-ны өдөр “Туулын Их тохойрол” хэмээх газрыг лиценз “Шижир-Алт” ХХК-иас “Глиймстар” ХХК-д шилжжээ.

-БОКСЫН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ В.ГАНЗОРИГ ГЭЖ ХЭН БЭ-

Аль ч спортын холбоодыг “мөнгийг баруун солгойгүй олж, бас үрж чаддаг хүн” л удирддаг гэгддэг. Учир нь тамирчдын бэлтгэл, тэмцээн уралдааны зардал гээд багагүй мөнгө гарна. Энэ бүхнийг зохицуулж чадах салбар нь уул уурхай, алтны салбар. Мөн шилдэг спортын холбооны нэр хүндийг дагаад орлого, мөнгө, нэр хүнд нь ч өсдөг байх.

Иймд В.Ганзориг гэгч Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь санамсаргүй тохиолдол биш.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Х.Ууганбаяр

В.Ганзориг нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт өөрийн эзэмшлийн “Хамтын эх булаг” ХХК-иар мөн л алтны үйл ажиллагаа явуулдаг нэгэн. Цаашлаад түүний хамгаалалт болоод хуулийн асуудлыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Х.Ууганбаяр гэгч хариуцдаг байж болзошгүй гэх мэдээлэл ч байгаа юм.