Туркменистанын эрх баригчид цар тахал гарснаас хойш өөрсдийн улсад нь коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдээд байв. Тэгвэл ДЭМБ-ын өндөр албан тушаалтан үүнд эргэлзэж буйгаа хэллээ.
Тодруулбал, тус байгууллагын онцгой байдлын ахлах ажилтан, доктор Кэтрин Смолвуд “Дэлхий даяар коронавирус цар тахлын хэлбэрээр хоёр жил гаруй хугацаанд тархаж байна. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл вирус Туркменистанд тархаагүй байх магадлал багатай юм" гэжээ.
Туркменстан нь Хойд Солонгос тэргүүтэй коронавирусийн халдвар бүртгэгдээгүй хэмээн мэдэгддэг цөөн хэдэн орны нэг. Гэвч ДЭМБ-аас гадна бие даасан шинжээчид үүнд эргэлзэж буйгаа мэдэгдсээр ирсэн.
Тодруулбал, “Human Rights Watch” байгууллагын Европ, Төв Азийн хэлтсийн дэд захирал Рэйчел Денбер Туркменистаны Засгийн газар хэт дарангуйлагч, автократ шинж чанартай учраас “баталгаагүй мэдээлэл” өгч байна гэжээ.
ДЭМБ нь улс орнуудын халдварын статистик тоог мэдээлэхдээ засгийн газруудаас өгсөн мэдээллийг үндэслэдэг. Гэвч саяхыг хүртэл Туркменистан улсад Ковид-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлсээр ирсэнд бие даасан ажиглагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүмжлэлтэй ханддаг.
Эх сурвалж: CNN