FINANCIAL TIMES: Ерөнхий сайд Борис Жонсоны дүүг залилсан гэх Монголын иргэн Д.Буянтогтох АНУ-аас орогнол хүсэж, "өөрийгөө буруугүй" гэв

FINANCIAL TIMES: Ерөнхий сайд Борис Жонсоны дүүг залилсан гэх Монголын иргэн Д.Буянтогтох АНУ-аас орогнол хүсэж, "өөрийгөө буруугүй" гэв

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Монголын уул уурхайн компанид 14.0 сая фунт стерлинг залилуулсан тухай нийтлэл Английн “Таймс” сонин тэргүүтэй томоохон хэвлэлүүдэд гарч, олон нийтийн анхаарлыг багагүй татаад байсан билээ. 

Тодруулбал, Борис Жонсоны дүү Максимилиан Жонсон 2016-2018 оны хооронд GRF хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Монголын “Засаг Чандмань Майнз” хэмээх алт, зэс, төмрийн хүдрийн уурхайд 19 сая орчим фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч уурхайн үйл ажиллагааг нь хариуцаж байсан этгээдүүд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр хуурамч компани байгуулж, захиалга, туслан гүйцэтгэх ажил хийх нэрийдлээр их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан талаар гарсан байдаг. Улмаар их хэмжээний хөрөнгөө алдсан Макс Жонсон гомдолтой байгаа талаараа ярьж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад захидал хүртэл илгээж байв.

Уг хэрэгт холбогдуулан уурхайн эзэмшигч Д.Буянтогтох гэгч, мөн удирдах хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах шийдвэр гаргасан. Гэвч 2020 онд болсон анхан шатны шүүх баривчлах шийдвэрийг хүчингүй болгосноор Д.Буянтогтох эх орноосоо гарсан гэдэг. Одоо түүнийг инторполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл байдаг.

Тэгвэл “Засаг Чандмань майнз”-ын Д.Буянтогтох “Financial Times” сонинд анх удаа ярилцлага өгчээ. Тэрбээр, Макс Жонсоныг уул уурхайн төслийг хяналтдаа авахын тулд өөрийнх нь эсрэг хуурамч гомдол гаргаж, залилан хийсэн гэж буруутгасан талаар ярьсан байна. Уг нийтлэлийг орчуулан хүргэе.

-БОРИС ЖОНСОНЫ ТӨРСӨН ДҮҮ МАКС ЖОНСОН МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН МАРГААНТАЙ ХОЛБООТОЙ ХУДАЛ ГОМДОЛ ГАРГАСАН ХЭРЭГТ БУРУУТГАГДАЖ БАЙНА-

Financial Times: Д.Буянтогтох

“Их Британийн Ерөнхий сайдын төрсөн дүү Макс Жонсон “Glencore” компанийн дарга асан Саймон Мюррейтой хамтран Монголын “Засаг Чандмань”-д өгсөн 19 сая долларын хөрөнгө оруулалтаа эргүүлэн авахаар “хөөцөлдөж” байна. Макс Жонсоны гомдлын дагуу Монголын цагдаагийн байгууллагаас Д.Буянтогтохыг “бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт сэжиглэн, ерөнхий прокурорт мэдүүлэг өгсөн байна.

Гэвч АНУ-д орогнол хүсэж буй Д.Буянтогтох уг мэдээллийг эрс үгүйсгэж, энэ талаар олон нийтэд өгсөн анхны тайлбартаа “Макс Жонсон эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд “маш их дарамт” үзүүлсэн” гэж мэдэгджээ.

Д.Буянтогтох энэ талаар бидэнд өгсөн ярилцлагадаа “Би дахин чимээгүй байж чадахгүй. Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд маш их хичээж байна. Энэ асуудал бол 100 хувь иргэний асуудал бөгөөд би асуудлыг шийдвэрлэх гэж олон удаа оролдсон. Би GRF-д өргүй гэж хэлж байсан удаагүй. Макстай эвийн гэрээ байгуулах гэж олон удаа оролдсон” гэсэн юм. Мөн тэрбээр Жонсоноос авсан хөрөнгө оруулалтыг зохих ёсоор зарцуулсан гэдгийг нотлох видео бичлэгүүд байгаа гэв.

Макс Жонсон “GRF-ийн оруулсан 19 сая долларыг уурхайг хөгжүүлэхэд зарцуулаагүй бөгөөд мөрдөн байцаалт явуулж уурхайн ажил зогссон” гэж хэвлэлүүдэд ярьдаг. Харин уг мэдээлэл худал гэдгийг Д.Буянтогтох хэлж байна.

Макс Жонсон

Түүний ярьж буйгаар “2015-2018 оны хооронд “Засаг Чандмань Майнз”-ын компанийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийхэд “Д.Буянтогтохыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хувьдаа завшсан хэргийг нотлох баримт олдоогүй” аж. Мөн уурхайн ажил явагдаж байсан бөгөөд GRF-ийн баг уурхайн талбайд тогтмол очиж, ТУЗ-ийн хурлаар сар бүр Монголд ирж, санхүүгийн болон үйл ажиллагааны нарийвчилсан тайланг хүлээн авдаг байсан” гэжээ.

Харин түүнийг Монголоос яагаад гарсан талаар асуухад “Эмчилгээний зорилгоор" гэж хариулав. Мөн тэрбээр “Эрх баригчид эхнэрийг нь шалгаж буйг мэдсэний дараа  Монголд буцаж ирэхгүй байхаар шийдсэн.  Хүчирхэг “дайсан”-тай тулгарсан учир уг асуудлыг шударгаар шийдэх цорын ганц боломж бол АНУ-д очих” гэв.

Бид уг асуудлаар Макс Жонсонтой холбогдоход “Бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа. Одоогоор тайлбар өгөх боломжгүй байна” гэсэн юм.  Мөн Мюррей тайлбар өгөх хүсэлтэд хариулсангүй.

Макс Жонсон, Д.Буянтогтох нарын маргаан Монгол, Рио Тинто хоёрын 6.8 тэрбум ам.долларын өртөг бүхий Оюутолгойн далд уурхайн өргөтгөлийн төслийн талаар ширүүн маргаан өргөж буй Монголын хувьд маш эмзэг цаг үед тохиож байна.

Мэдээллийн эх сурвалжийг ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Financial Times