“Twitter” компани Шинжаан дахь хүний эрхийг зөрчиж буй нотлох баримтыг эсэргүүцэх, няцаах зорилготой Хятадын төрийн байгууллагатай холбогдож буй олон мянган хаягийг устгасан гэв.
Гэрэл зураг, автоматжуулсан бүртгэл, хуурамч Уйгур профайлуудыг ашиглан тус бүс нутагт аз жаргалтай байгаа тухай төрийн суртал ухуулга, хуурамч мэдээлэл тарааснаар олноор нь хорих, дахин боловсрол олгох хөтөлбөрүүд, албадан хөдөлмөр хийлгэх, эмэгтэйчүүдийг үргүй болгох зэрэг олон жил үргэлжилсэн дарангуйллын кампанит ажлын нотолгоогоо дарах зорилготой байжээ.
Австралийн Стратегийн Бодлогын Хүрээлэнгийн (ASPI) шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр үйл ажиллагаанд ихэвчлэн порнограф эсвэл солонгос савангийн дуурь зэрэг өөр зориулалттай хуучин бүртгэлийг ашигладаг байсан бөгөөд үйл ажиллагаа нь бүхэлдээ “ичмээр, илт” байсан гэв
“Twitter” 2160 бүртгэлийг устгасан бөгөөд үүнээс 2048 нь Хятадын Коммунист намын Шинжаантай холбоотой мэдээллүүдийг тараадаг бол 112 бүртгэл нь “Changyu Culture” компанитай холбоотой байна. “Changyu Culture” бол Шинжааны эрх баригчидтай гэрээ байгуулсан, Уйгурчууд засгийн газрыг дэмжиж байгааг харуулсан бичлэг түгээх зорилготой компани гэв.
Хаагдсан бүртгэлүүдээр Шинжааны хүчирхийллийн тухай өөр бусад жиргээнүүдэд няцаалт хийж, #StopXinjiangRumours гэсэн хэштаг дор хариу бичдэг байсан бөгөөд “үнэн” гэх тодотголтой дүрс бичлэгүүдийг хуваалцдаг, мөн Уйгур хүн шиг дүр эсгэдэг байжээ.
“ASPI”-ийн илрүүлсэн бүртгэлүүдийн 97 хувь нь таваас цөөн дагагчтай, харин 73 хувь нь нэг ч дагагчгүй байна. Жиргээний 98 хувь нь лайк эсвэл дахин жиргээгүй бол үлдсэн хэсгийг нь ихэвчлэн Хятадын дипломатууд болон албаны хүмүүс “бүүст” хийсэн байжээ.