Тувалу улс усанд автаж, газар нутаггүй анхны улс болоход ойртжээ

Тувалу улс усанд автаж, газар нутаггүй анхны улс болоход ойртжээ

Дэлхийн дулаарлын улмаас Номхон далайд орших Тувалу улс усанд автаж, газар нутаггүй анхны улс болоход ойртоод байгаа ажээ. Тус улс нь Номхон далайн өмнөд хэсэгт 5 шүрэн арал, 4 бүлэг арлаас бүрдэн оршдог. Мөн ердөө 26 км2 нутаг дэвсгэртэй тул дэлхийн хамгийн жижиг орнуудын нэгт тооцогдоно.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Тувалу улсын гадаад хэргийн сайд Симон Кофе өвдөг хүрсэн усан дунд зогсоод, НҮБ-ын цаг уурын дээд хэмжээний уулзалтад оролцогсодтой цахим уулзалт хийж байгаа дүр зураг түгсэн билээ. 

Түүний хувьд аравдугаар сарын 31-ний өдрөөс өнгөрөгч сарын 12-ны өдөр Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бага хуралд оролцох ёстой байсан ч цар тахлын улмаас хөл хорионы дэглэмд байгаа тул ийнхүү цахим уулзалт хийсэн нь тэр байсан аж. Тэрбээр усан дунд зогсоод олон улсын төлөөлөгч нарт мэдэгдэл хийхдээ, “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд би Тувалу улс цаг уурын өөрчлөлтөөс улбаатай далайн түвшин нэмэгдэж буй явдлын бодит хохирогч болж буйг мэдэгдэхийн зэрэгцээ орох оронгүй болсоор буй иргэдийн шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байгаа нь санаа зовних асуудал болж байгааг цохон тэмдэглэмээр байна” хэмээсэн юм. 

Үнэхээр ч тус улсын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш ердөө 4.8 метрт оршдог тул цаг уур дулаарч, туйлын мөс хайлсаар байвал цаашдаа ямар ч газар нутаггүй болох эрсдэлтэй нүүр тулаад байгаа ажээ.