Өнгөрсөн Бямба гараг/2021.12.04/-т АНУ-ын Финикс хотод 30 настай эрэгтэй онгоцноосоо үсэрсэн хэрэг гарчээ. Хэрэг явдал Скай Харбор олон улсын нисэх онгоцны буудалд болсон байна. Тухайн үед онгоц газраас хөөрөөгүй тээшээ ачиж байжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр тус иргэн онгоцноос үсэрснийхээ дараа ойролцоох Финиксийн гал түймэр унтраах ангийн оффис руу гүйн орж, хаалгаа түгжсэн байна. Үүний дараа аврах ангийнхан ирж хаалгыг онгойлгон, тус иргэнд анхан шатны тусламж үзүүлэхэд шагай нь бага зэрэг гэмтсэн байжээ.
“Southwest Airlines” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Бидэнд ирсэн мэдээллээр зорчигчид байрлалаа эзлэн, онгоц тээшээ ачиж байх үед арын хаалгаар нэг иргэн үсэрч гарсан. Онгоцны ахмад нислэгийг нэн даруй зогсоож, Нислэгийн хөдөлгөөний удирдлага(ATS)-д мэдэгдсэн. Онгоцны хаалгыг яаж нээсэн нь тодорхойгүй байна” гэжээ.
Одоогоор тус иргэнийг ямар шалтгааны улмаас үсэрснийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Мөн түүнийг яллах эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN