Бельгийн Антверпен хотын амьтны хүрээлэнгийн усны үхрээс коронавирус илэрчээ

Бельгийн Антверпен хотын амьтны хүрээлэнгийн усны үхрээс коронавирус илэрчээ

Бельгийн Антверпен хотын амьтны хүрээлэнгийн хоёр усны үхрээс коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан тул бусад амьтдаас тусгаарлажээ.

Амьтны хүрээлэнгийн мэдээлэлд дурдсанаар Имани, Гермиен нэртэй хоёр усны үхрийн "хамраас нус гоожихоос өөр" шинж тэмдэг илрээгүй ба тус амьтад вируст хэрхэн өртсөн нь тодорхойгүй байгаа аж. Тэдний асран хамгаалагчдаас коронавирусийн шинж тэмдэг илрээгүй бөгөөд бусад ажилчид болон амьтдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан гэж хэвлэлд дурджээ.

14 настай Имани, 41 настай Гермиен нарыг одоогоор тусгаарлаж байгаа бөгөөд зочдод үзүүлэх боломжгүй гэж амьтны хүрээлэнгээс мэдэгджээ.

Амьтны хүрээлэнгийн малын эмч Фрэнсис Веркаммен тэдний коронавирусын шинжилгээнд хяналт тавьж байгаа ба тэрбээр, "Миний мэдэж байгаагаар энэ зүйлийн амьтдаас коронaвирус илэрч буй анхны тохиолдол юм. Дэлхий даяар энэ вирус голдуу мич, мууранд бүртгэгдсэн" гэж хэлэв.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Канадад зэрлэг бугануудаас “COVID-19” халдварын гурван тохиолдол илэрсэн нь тус улсад зэрлэг амьтдаас халдвар илэрсэн анхны тохиолдол болжээ. Гэхдээ ийм шинжилгээг хязгаарлагдмал хүрээнд хийсэн тул коронавирус зэрлэг байгальд хэрхэн тархсаныг тодорхойлох боломжгүй байгаа аж.

Түүнчлэн амьтны хүрээлэнгийн амьтан, тэжээвэр амьтдын коронавирусийн халдвар дэлхий даяар, тэр дундаа муур, примат, гарам, усны булга зэрэгт бүртгэгдсэн гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. Өнгөрсөн сард Небраска мужийн амьтны хүрээлэнгийн гурван цоохор ирвэс вирусийн улмаас хүндэрч үхсэн билээ.

Эх сурвалж: CNN