ДЭМБ: Одоо хэрэглэж буй бүх вакцин Омикрон хувилбараар халдварласан тохиолдолд хүнд өвдөхөөс хамгаалж чадна

ДЭМБ: Одоо хэрэглэж буй бүх вакцин Омикрон хувилбараар халдварласан тохиолдолд хүнд өвдөхөөс хамгаалж чадна

Хүн төрөлхтний хэрэглэж буй коронавирусийн эсрэг вакцинууд Омикрон хувилбараар халдварласан тохиолдолд хүнд өвдөхөөс хамгаална хэмээн ДЭМБ-аас мэдэгдлээ.

ДЭМБ-ын доктор Майк Райан өчигдөр /2021.12.07/ хийсэн мэдэгдэлдээ “Омикрон хувилбарт вакцинаас зайлсхийх онцгой шинж чанар байхгүй. Одоогийн бидний хэрэглэж буй вакцинууд бүгд үр дүнтэй бөгөөд хүнд өвдөх, эмнэлэгт хэвтэх зэргээс хамгаалж чадна” гэсэн байна. Мөн тэрбээр “бидэнд ирсэн эхний мэдээллээр Омикрон Дельта тэргүүтэй бусад хувилбараас илүү хүнд өвчлүүлдэг гэсэн нотолгоо байхгүй” гэдгийг онцолжээ.

Өмнөд Африкийн шинэ судалгаагаар "Pfizer/BioNTech" вакцин нь Омикронд коронавирусийн бусад хувилбараас 40 дахин бага үр дүнтэй үйлчилж буйг тогтоожээ. Гэхдээ Омикрон вакцины эсрэгбиетүүдээс зугтах чадвар нь тийм ч "сайн биш” хэмээн Африкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн вирус судлаач, профессор Алекс Сигал хэлсэн байна.

“Pfizer” вакцин Омикроны эсрэг хэр дүнтэй байгаа талаарх судалгааны мэдээллийг ойрын өдрүүдэд гаргах төлөвтэй байна. Харин “Модерна”, “Johnson & Johnson” вакцинууд шинэ хувилбарыг хэрхэн тэсвэрлэх талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа юм. Омикрон нь дотроо маш олон төрлийн мутацийг агуулж байгаа тул бусад хувилбараас халдварлах чадвар өндөр, вакцины үр дүнд тогтсон дархлаа болон байгалийн дархлааг “эвдэх” чадвартай байж болзошгүй хэмээн тархвар судлаачид болгоомжилж байгаа.

АНУ-ын халдварт өвчний шилдэг мэргэжилтэн, доктор Энтони Фаучи “Омикрон илүү халдварлах боломжтой боловч бага зэрэг хүндрэл үүсгэж болзошгүйг судалгаа харуулж байна” хэмээн мэдэгдээд буй. Гэхдээ шинэ мутацийн хүнд өвчин үүсгэх чадвар нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.

Эх сурвалж: BBC