БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарсан тул Эрээн боомтын үйл ажиллагааг зогсоож, тодорхойгүй хугацаанд хилээ хаагаад байгаа билээ. Энэ нь манай улсын худалдаа, эдийн засагт сөргөөр нөлөөлж эхлээд буй.
Улмаар энэ сарын 03-ны өдөр туршилт хийн 05-наас эхлэн чингэлэг солилцоно гэж мэдээлээд байсан ч Хятадын талаас хойшлуулсан. Харин өнөөдөр хоёр улсаас хамтарсан туршилт хийхээр болжээ.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Халтар, "Өнөөдөр өглөөний байдлаар Эрээн талаас дундын бүс дээр хоёр чингэлэг оруулж ирсэн. Ийнхүү туршилт эхэллээ гэсэн үг. Гэхдээ энэ эхний шат. Цаашдаа нөхцөл байдлыг харж байгаад нэмэгдүүлэх тал дээр анхаарна" гэв.