Иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд нэгдсэн шилэн дансны хөдөлгөөнийг эхлүүлж байна

Иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд нэгдсэн шилэн дансны хөдөлгөөнийг эхлүүлж байна

Өнөөдөр /2021.12.09/ 11:00 цагт Авилгын эсрэг ОУ-ын өдөртэй холбогдуулан Иргэний нийгмийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвслээс мэдээлэл хийлээ.

Тус эвслийн төлөөлөл мэдэгдэлдээ, “Өнөөдөр бол ОУ-ын авилгын эсрэг өдөр тохиож байгаа. ОУ-ын байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авилгын индексийг тодорхойлдог. Харамсалтай Монгол улс 2020 оны байдлаар 35 оноо аваад өмнөх жилийнхээс 13 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Ер нь сүүлийн жилүүдэд бол манай улсын авилгын түвшин бол 30 хэдэн оноотой байгаа юм.  Энэ нь шилэн дансны хөтлөлт дулимаг, хариуцлага хангалтгүй байгааг харуулж байна. Тиймээс төсвийн хяналтын чиглэлээр болон уул уурхай, эрүүл мэнд боловсролын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдсэн шилэн дансны хөдөлгөөнийг эхлүүлж байна.

Бид цаашид төсөв батлах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагууд оролцдог жишиг тогтооно, төсвийн хяналтын сонсголыг жил бүхэн зохион байгуулах шаардлага хүргүүлнэ, төсвийн ил тод байдлын индексийг ил тод гаргадаг болгоход анхаарна, тендерийн ил тод байдалд хяналт тавьж ажиллана.  Мөн төсвийн ил тод байдлын индексийг жил бүр гаргаж, баг, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд иргэдийн хяналтын бүлгийн төлөөлөл байршуулна" гэлээ.