АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан Ардчиллын дээд хэмжээний уулзалт өнөөдөр/2021.12.10/ болж байна. Уулзалтад дэлхийн 110 гаруй орны төр засгийн удирдагч, төлөөлөгчид оролцож байгаа юм.
Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтаар АНУ авлигын хэрэгт холбогдсон, хүний эрх зөрчсөн гэж буруутгагдаж буй гадаадын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахыг бусад оронд уриална хэмээн албаныхан мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, хүний эрх зөрчсөн, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг өөрийн орны хилээр нэвтрүүлэхгүй байхыг уриалж буй юм.
Цагаан ордноос энэ талаар “Тэдгээр албан тушаалтанд хориг арга хэмжээ авах нь Ардчиллын шинэчлэлт хийхийг зорьж буй Байдены засаг захиргааны хүчин чармайлтын чухал хэсэг юм. Мөн хориг арга хэмжээг үр дүнтэй байлгахын тулд олон улсын зохицуулалтыг оруулж, чухал ач холбогдол өгөх болно” гэж мэдэгдэв.
Байдены засаг захиргаа авилгын хэрэгт холбогдсон, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэх мэтээр ардчилсан институцийг саармагжуулах хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн нэрсийг тун удахгүй зарлах аж. Гэхдээ хориг арга хэмжээний эхний бай Оросын олигархууд, Хятадын өндөр албан тушаалтнууд болон нэр бүхий авлигачид, хүний эрхийг зөрчигчид байх болно хэмээн судлаачид таамаглаж байна. Одоогоор уг хориг арга хэмжээнд Австрали, Канад, Европын холбоо, Их Британи зэрэг орон нэгдээд байна.
Эх сурвалж: The Wall Street Journal