ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин өнгөрсөн амралтын өдрүүдэд телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө 1990 онд ЗХУ задран унасанд харамсаж явдгаа хэлж, тухайн үед орлогоо нэмэгдүүлэхийн тулд таксины жолооч хийхээс өөр аргагүйд хүрч байсан талаараа ярьжээ.
Тэрбээр “ЗХУ задарсан нь сүйрэл байсан. Сүйрлийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлүүд оросуудад мөнгө олох шинэ арга замыг хайхад хүргэсэн. Би орлогоо нэмэгдүүлэхийн тулд таксины жолооч хийхээс өөр аргагүйд хүрч байлаа” гэжээ.
ОХУ, Украины харилцаа маш хурцадмал байгаа үед энэ талаар ярьсан нь нөхцөл байдлыг улам дордуулаад байна. Тодруулбал, Оросын Октябрийн хувьсгал, Иргэний дайны дараа 1917-1921 оны хооронд тусгаар тогтнолын төлөөх үргэлжилсэн тэмцэл болж, 1922 онд Украин ЗХУ-ын анхны бүгд найрамдах улсуудын нэг болсон. Улмаар 1991 онд ЗХУ задарснаар Украин нь дахин тусгаар тогтносон улс болсон юм.
ОХУ Украинтай хиллэдэг бүс нутагтаа 90 мянга гаруй цэргээ төвлөрүүлж, довтлоход бэлэн байна гэсэн болгоомжлол сүүлийн өдрүүдэд бий болоод буй. Уг мэдээллийг ОХУ үгүйсгэж, Украиныг өдөөн хатгасан хэмээн буруутгасан байр суурьтай байгаа юм.
Эх сурвалж: BBC