ДЭМБ-аас коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүсийг цэвэр агаарт амьдрахыг зөвлөжээ

ДЭМБ-аас коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүсийг цэвэр агаарт амьдрахыг зөвлөжээ

Өчигдөр /2021.12.15/ УИХ-ын гишүүн Б.Сарангэрэлийн тэргүүлдэг Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн байгууллагууд агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлаар зөвлөлдлөө. Энэ зөвлөгөөний үеэр агаарын бохирдолтой тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн бөгөөд коронавирусийн халдвар нь агаарын бохирдолтой хавсарснаас болж өвчлөл, эндэгдэл нэмэгдэх хандлагатай байгаа талаарх судлаачдын  дүгнэлтийг ярилцсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүс агаарын бохирдолгүй орчинд амьдрах зөвлөмжийг өгсөн байдаг.

Учир нь коронавирусийн халдвар нь агаарын бохирдолтой хавсарснаар хүндрэлийг үүсгэх эрсдэлтэй байгаа аж. Гэтэл манай улсын хувьд агаарын чанарын үзүүлэлтээр зарим хорт бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 45 дахин их байгаа нь тогтоогдоод байна.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица энэ талаар “Цар тахлаар өвдсөний дараах эдгэрэх явцад агаарын бохирдол ихээр нөлөөлж байна. Иймээс иргэд цэвэр агаартай орчинд байх нь чухал байна. Тиймээс Монгол улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудаа сулруулж болохгүй” гэв.