Бангладешт "хүний амь онц хэрцгийгээр хөнөөсөн" хэргээр 20 оюутанд цаазаар авах ял оноолоо

Бангладешт "хүний амь онц хэрцгийгээр хөнөөсөн" хэргээр 20 оюутанд цаазаар авах ял оноолоо

Бангладешийн шүүх 2019 онд Инженер Технологийн Их Сургуулийн оюутан Абрар Фахадыг хөнөөсөн хэрэгт 20 хүнийг буруутгаж, цаазаар авах ял оноожээ. Мөн таван хүнд бүх насаар нь хорих ял оноолоо.

Хэргийн тодруулбал, Инженер Технологийн Их Сургуулийн оюутан 21 настай Абрар Фахад нь Энэтхэгтэй ус хуваах гэрээнд гарын үсэг зурсны төлөө Бангладеш улсын Ерөнхий сайд Шейх Хасинаг шүүмжилсэн пост бичсэнээс хэдэн цагийн дараа зодуулсан цогцос нь дотуур байрнаасаа олджээ. Түүнийг Бангладешийн Чхатра лигийн (BCL) гишүүн 25 оюутан зургаан цагийн турш крикет цохиур болон бусад мохоо зүйлээр зодсон байна.

Фахадын аав Баркат Уллах шүүх хурлын дараа "Би шүүхийн шийдвэрт баяртай байна" гэж мэдэгджээ.

Цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүмүүс бүгд 20-22 насныхан байсан бөгөөд Фахадтай хамт Бангладешийн инженер, технологийн элит их сургуульд суралцаж байжээ. Хохирогчийг зодуулж нас барсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа Бангладеш даяар оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байсан аж. Шүүхийн шийдвэрт яллагдагчдад оногдуулсан энэхүү өндөр ял шийтгэл нь цаашид ийм төрлийн хэрэг давтагдахгүй байх зорилготой гэж дурдсан байна.