НСУ дахь ХНХҮТ-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Солонгост ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэдэд болон тус улсад оршин сууж буй нийт монголчууддаа төрийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн энэ түүхэн цаг хугацааг үнэлсэн нэгэн арга хэмжээ боллоо.
Тухайлбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Ерөнхийлөгчийн шагналыг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад олголоо. Солонгост гадаадын 16 улс орноос гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах хүч илгээдэг.
БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авах асуудлыг шийдвэрлэн ажилладаг Засгийн газрын агентлаг Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар нь эдгээр 16 улсаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяаг онцолж энэхүү шагналыг хүртээжээ.
Шагналд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос улсад оршин сууж буй монгол иргэдийн төлөө Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, БНСУ дахь ХНХҮТ-ийн идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан монгол иргэдэд тулгарсан асуудлыг хуулийн дагуу шийдэн Солонгос-Монгол хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон дурдаад “Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барих, Залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг хэрэгжүүлэх, Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахимжуулах зэргээр БНСУ-ын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлжээ.