Монголын шүүхийн ахмадуудын холбооны тэргүүнээр Н.Лүндэндоржийг сонгожээ

Монголын шүүхийн ахмадуудын холбооны тэргүүнээр Н.Лүндэндоржийг сонгожээ

Монголын Шүүхийн ахмадуудын холбооны ээлжит II их хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Тус хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Н.Отгончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг нар хүндэтгэл үзүүлж, оролцсон юм.

Хурлын үйл ажиллагааг нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг төлөөлөн гишүүн А.Насандэлгэр үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Амьдралынхаа цаг мөч бүрийг хүний эрх, шударга ёсны төлөө зориулж, мэдлэг боловсрол, оюун ухаан, хөдөлмөр бүтээлээрээ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхний зүтгэлийг Монголын төр түүний дотор Шүүхийн ерөнхий зөвлөл хүндэтгэж байгааг хүлээн авна уу. Шүүхийн ахмадуудын холбоо нь 2018 онд үүсгэн байгуулагдаж ТББ-ын статустайгаар бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газрын чиг үүрэгтэй ажлаа уялдуулан төв орон нутгийн 30 гаруй салбар зөвлөл, 360 гаруй гишүүддээ үйлчлэн ажиллажээ.      

Ахмадуудынхаа үүсгэл санаачлагаар байгуулагдсан энэхүү ТББ-ыг дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар тогтоолоор “Шүүхийн ахмадын сан” байгуулж ажиллах журмыг батлан мөрдүүлж байна. Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Шүүхийн ахмадын холбооны тэргүүний хамтран баталсан 2018 оны “Хамтран ажиллах тухай” гэрээгээр шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд ахмад шүүгч, ажилтны оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаа хойч үедээ өвлүүлэх, сургалт зохион байгуулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн эрхийн хугацаандаа шүүхийн үйлчилгээг  шинэчлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулж ажиллахын зэрэгцээ ахмадууд та бүхний нийгмийн асуудал, ТББ-ын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гээд Монголын Шүүхийн ахмадуудын холбооны II их хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Шүүхийн ахмадуудын холбооны II их хурлын даргалагчаар тус холбооны тэргүүн Д.Гансүхийг, хурлын нарийн бичгийн даргаар тус холбооны Холбооны нарийн бичгийн дарга Б.Бямбахорлоог тус тус олонхын саналаар сонгосон юм.

Тус холбооны тэргүүн, Монгол Улсын гавъяат хуульч Д.Гансүх холбооныхоо 2018-2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулав. Тэрбээр төв,  орон нутаг дахь бүх шүүхүүдийн ахмадын төлөөлөл оролцоотойгоор 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Нийслэл хотноо зохион байгуулагдсан тус холбооны анхдугаар хуралдаанаас шүүхийн байгууллагын үе үеийн ахмад шүүгч, ажилтны санал, санаачлага, Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагын дэмжлэгээр “Монголын шүүхийн Ахмадуудын холбоо” нэршил бүхий өнөө цагийн шүүх дэх ахмадуудын нэгдсэн байгууллага үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 3 жил 6 сарын хугацааг элээж, тус холбооны дүрэмд заасан үндэслэлийн дагуу Бүх шүүхийн ахмадуудын төлөөлөл Холбооны гишүүн ахмадууд чуулж, ээлжит II их хурлаа эхлүүлж байгааг онцолсон юм. Түүнчлэн Ахмад настны тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “... хуульд заасан ахмад  настны талаарх төрийн ... байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно.” гэж заасан нь тус Холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны хууль эрх зүйн үндэс мөн хэмээн цохон тэмдэглэв. Хуулийн дээрх үндэслэлд нийцүүлэн тус холбооны анхдугаар хуралдаанаар Холбооны зорилго, үйл ажиллагааны зарчим, чиглэл, бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, гишүүнчлэл, санхүүжилт, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн захиргааны гүйцэтгэх үүргийг багтаасан 16 зүйл, түүнд холбогдох заалтууд бүхий тус Холбооны анхны дүрмийг хэлэлцэн баталсан талаар дурдлаа. Улмаар Холбооны дүрмээр тогтоосон үйл ажиллагааны зорилго, чиглэлд нийцүүлэн шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба болон шүүхүүдийн Тамгын газрын харьяанд Ахмадын зөвлөлүүд байгуулж, үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх, гишүүдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, тайлан гаргуулж нэгтгэн, дүнг мэдээлэх, гишүүдийн эгнээг өргөтгөх, тэдний идэвхи, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр шүүхийн захиргааны Ахмад настны тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд санаачлагч, байж, идэвхтэй дэмжин хамтран ажиллаж ирснээ тайлагнасан юм.  

Монголын Шүүхийн ахмадуудын холбооны ээлжит II их хурлаар тус холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Холбооны Удирдах зөвлөлийн хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэж, баталлаа.

Түүнчлэн Холбооны тэргүүнээр Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг олонхын саналаар сонгосон юм. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын гавъяат хуульч, Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат хуульч Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Д.Гансүх, Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Дамдин-Од, Төв аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Хажидмаа, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Д.Тайванхүү, Төв аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Бямбахорлоо нар тус тус олонхын саналаар сонгогдлоо.   

Тус холбоо нь төв болон орон нутгийн шүүх дэх ахмадын 30 салбар зөвлөл, 369 ахмад гишүүнийг хамруулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс