"Найрсаг Улаанбаатар-2" төсөл хэрэгжинэ

"Найрсаг Улаанбаатар-2" төсөл хэрэгжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Найрсаг Улаанбаатар-2” нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээний төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэн, санал авч боловсрууллаа.

Тус төслийг болон Улаанбаатар хотын аяллын жишиг маршрут, Шинэ хэвийн байдал-Нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Улаанбаатар хотын аялал жуулчлалыг дэмжих зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүллээ. Зөвлөлийн хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ахалсан бөгөөд “Найрсаг Улаанбаатар-2” нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг 7 зорилтын 77 төслийн хүрээнд, Улаанбаатар хотын аяллын жишиг маршрутыг хот болон хот орчмын нийт 25 төрлөөр, Шинэ хэвийн байдал-Нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг 5 зорилтын хүрээнд боловсруулан хэлэлцүүлж, Зөвлөлийн гишүүдийн 100 хувь саналаар дээрх асуудлуудыг дэмжин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид өргөн барьж, батлуулахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газарт даалгалаа. 

Хуралдаанаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын гадаад маркетингийн ажлыг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын дүр төрх /брэндинг/-ийг тодорхойлох, аялал жуулчлалын дата мэдээллийн санг үүсгэх, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн журмыг боловсруулж, батлуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, албан болон бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлуудыг нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгсөн байна.