Мьянмарын алдарт загвар өмсөгч, жүжигчин Пэйн Тахонд өнгөрсөн хоёрдугаар сард болсон цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон, цахим сүлжээнд хунта дэглэмийг буруушаасан хэргээр гурван жилээр хорих ял оноолоо. Түүнийг хоригдох хугацаанд хүнд ажил хийлгүүлэхээр болсон талаар өмгөөлөгч нь мэдээлсэн бөгөөд ар гэрийнхэн нь давж заалдах талаар ярилцаж байгаа аж.
Өдгөө 24 настай залуу жүжигчин Пэйн Тахон нь хэд хэдэн жагсаал цуглаанд оролцож байжээ. Мөн ардчиллыг дэмжигч Аун Сан Су Чигийн зургуудыг өөрийнхөө цахим сүлжээндээ нийтэлсэн байна.
Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Пэйн Тахоныг 50 орчим цэрэг гэрээс нь баривчилсан талаар эгч нь олон нийтийн сүлжээнд мэдээлж байв. Түүнийг баривчлагдсаных нь дараа сая гаруй дагагчтай инстаграм болон фейсбүүк хаягийг нь устгасан байна.
Гэвч Тахон бол баривчлагдсан цор ганц алдартан биш. Тодруулбал, төрийн эргэлтийн эсрэг байр сууриа илэрхийлсэн Мьянмарын гоо бүсгүй тэмцээний ялагч, мөн нэрт хошин урлагийн жүжигчин ч баривчлагдсан хүмүүсийн дунд байгаа аж.
Эргэн сануулахад, Мьянмарын армийн удирдагчид өнгөрсөн хоёрдугаар сард болсон сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа төрийн эргэлт хийсэн. Үүнээс хойш Үндэсний Ардчиллын Лигийн гишүүд, жагсаал зохион байгуулсан энгийн иргэдийг ч баривчилсан. Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг(AAPP)-ийн мэдээлснээр, өнөөдрийг хүртэл Мьянмарт 1178 гаруй хүн амиа алдаж, 7355 орчим хүн баривлагдаад байгаа аж.
Эх сурвалж: ВВС