1911 оны энэ өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлан тунхагласан. Гадаадын томоохон хэвлэлүүд хүртэл Монгол Улсын тусгаар тогтнолыг онцолж, цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг таамаглан бичицгээж байв.
Тэгвэл АНУ-ын “Нью-Йорк Таймс” сонин 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын тусгаар тогтнолын талаар мөн бичжээ. “Шөнийн 2 цаг 26 минутад Бээжингээс ирэв” гэж онцолсон уг мэдээнд манай улсын тусгаар тогтнолыг Орос, Япон, Туркестаны байдалтай холбон таамагласан байна.
Бээжин. Пүрэв гараг. 12 сарын 28. шөнийн 02 цаг 26 минут
Хятадтай газар нутгийн хувьд бараг дүйцэхүйц хэмжээтэй Монгол маргааш тусгаар тогтнолоо зарлах гэж байна. Үүнтэй зэрэгцээд Хятадаас Туркестаны өргөн уудам харьяат нутаг нь салж байна. Аль аль нь Оросын нөлөөн дор салан тогтнох ба үнэн хэрэгтээ Оросын “протекторат” (ивээл, хамгаалал доорх улс) болох юм. Орос тэднийг өөртөө хэзээд нэгтгэх боломжтой болж байна.
Их хаан (Богд) Монгол Улсын Эзэн хаанаар өргөмжлөгдөнө. Тэгэхээр одоо Хятадаас удтал зөвшөөрөл эрэлхийлж байсан Транс-Монголын төмөр замын бүтээн байгуулалт цаг хугацааны л асуудал болж байгаа бөгөөд Европ Бээжин рүү гурваас дөрвөн хоногоор ойртох болно.
Ингэснээр Орос улс Манжуур дахь Японы мэдлийн хэсэгтэй шууд хиллэх болж байна. Японы эвсэл ашиг сонирхлоо хадгалахаар эрт орой, нэгэн цагт хөдлөх нь тодорхой. Оросын Засгийн газар нь биш юм аа гэхэд офицер, албан тушаалтнууд нь Монгол дахь энэ үйл явдалд нөлөөлсөн байх учиртай” гэжээ.