Хонконгийн цагдаа нар ардчиллыг дэмжигч “Stand News” агентлагийн зургаан ажилтныг баривчилж, оффисын өрөөнд нь нэгжлэг хийсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Засгийн газраас гаргасан мэдэгдэлд цагдаагийн алба хаагчид “тус агентлагт одоо ажиллаж буй болон өмнө нь ажиллаж байсан зургаан хүнийг нийгмийг өдөөн турхирсан нийтлэл олон нийтэд түгээхийг завдсан хэргээр баривчиллаа” гэсэн байна. Баривчлагдсан зургаан хүний дотор Кантоны поп од, ардчиллыг дэмжигч нэрт зүтгэлтэн Денис Хо байсан аж.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлж буйгаар үндэсний аюулгүй байдлын 200 гаруй ажилтан агентлагийн байранд нэгжлэг хийж, сэтгүүлчдийн материалыг хураан авсан байна. Үүгээр ч зогсохгүй баривчлагдсан ажилчдын гэрт нь нэгжлэг хийж эхэлжээ.
Хонконгийн цагдаа нар өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн өндөр албан тушаалтнуудыг баривчилж, сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын оффисуудад нэгжлэг хийж байна. Хэдхэн өдрийн өмнө Хонконгийн чөлөөт хэвлэлүүдийн нэг болох “Apple Daily”-ийн үүсгэн байгуулагч Жимми Лайг мөн нийгмийг өдөөн турхирсан, жагсаалд оролцсон хэргээр 13 сарын хорих ялаар шийтгэсэн юм.
Эх сурвалж: BBC