Баавгайн төрөл тэр дотроо панда баавгай бол гаднах хар, цагаан үслэгтэй гэдгээрээ шууд л онцгойрдог. Гэвч олон жилийн турш эрдэмтэд тус хулсны баавгайг яагаад ийм өнгөтэйг олж тогтоохоор оролдсоор ирсэн.
Тэгвэл BBC агентлагт мэдээлснээр, гурван өөр үндэстний судлаачдын баг 15 зэрлэг хулсны баавгайн зургийг долоон жилийн хугацаанд судалсны эцэст энэхүү хоёр өнгийн холимог үслэг арьс нь түүний хамгийн сайн өнгөлөн далдах хэлбэр гэж дүгнэсэн байна. Судалгааны үр дүнд тайлагнаснаар Бристолын их сургууль, Хятадын Шинжлэх ухааны академи, Финляндын Жываскилла их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ өнгө нь ирвэс, бар, Азийн зэрлэг нохой зэрэг махчин амьтдаас зайлсхийхэд тусалдаг гэсэн байна.
Тодруулбал, хар үслэг нь бараан газар буюу сүүдэр, модны хонгилд нийцдэг бол цагаан өнгө нь навч, цастай төгс нийцдэг гэжээ. Харин завсрын өнгийн үслэг нь чулуулаг газартай таардаг аж. Мөн үслэг дээрх толбо нь махчин амьтдыг төөрөлдүүлж, хэлбэр дүрсийг илрүүлэхэд хэцүү болгож, ирж болох халдлагаас сэргийлдэг хэмээжээ.