Дельта болон Омикрон хувилбарын хослол коронавирусийн тархалтын маш аюултай “цунами” үүсгэж байна хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюсс мэдэгдлээ.
Өнөөг хүртэл хийгдсэн судалгаануудаас үзэхэд Омикрон хувилбар Дельтагаас илүү хөнгөн өвчлүүлдэг боловч халдварлах чадвар өндөр. Гэсэн хэдий ч хувилбаруудын тархалт хоёулаа аюул дагуулж буйг Тедрос Адханом Гебрейюсс анхааруулсан байна. Тэрбээр “Хоёр хувилбарын тархалт ядарч туйлдсан эмнэлгийн ажилтнуудын ачааллыг нэмэгдүүлж, сүйрлийн ирмэг дээр байгаа эрүүл мэндийн тогтолцоонд асар их дарамт учруулж байна” гэжээ.
Одоогийн байдлаар дэлхий даяар өдөрт коронавирусийн 900 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Омикрон хувилбарын тархалт ялангуяа АНУ, Европын орнуудад эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Тодруулбал,
- Франц улсад хоёр өдөр дараалан 208 мянган тохиолдол батлагдав.
- АНУ-д сүүлийн долоо хоногт өдөр бүрт дунджаар 265 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
- Дани, Португал, Их Британи, Австрали зэрэг улсад Омикрон бүртгэгдсэнээс хойш халдварын тохиолдол дээд цэгтээ хүрээд байна.
- Польш улсад өчигдөр/2021.12.29/ 794 хүн коронавирусээр нас баржээ. Нас барагсдын дөрөвний гурваас илүү хувь нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байна.
Америкийн халдварт өвчний шилдэг мэргэжилтэн доктор Энтони Фаучи хүн амын тоо, вакцинжуулалтын түвшинг харгалзан АНУ-д 1-р сарын сүүлчээр Омикроны халдвар дээд цэгтээ хүрэх магадлалтай гэв.
Эх сурвалж: BBC