Украины асуудал улам хурцдаж байгаа энэ үед ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд өчигдөр/2021.12.30/ харилцан санал солилцож виртуал уулзалт хийжээ. 50 минут үргэлжилсэн уулзалт улс төрийн хурцадмал байдлыг бууруулахад төдийлөн нөлөөлөөгүй бөгөөд хоёр тал харилцан анхааруулга өгсөн хэмээн эх сурвалжууд мэдээлэв.
Уулзалтын үеэр Жо Байден хэрэв Орос Украин руу довтлохоор шийдвэл ноцтой үр дагавар гарч болохыг В.Путинд сануулсан байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки "Ерөнхийлөгч Байден Оросыг Украинтай үүсгээд буй хурцадмал байдлаа намжаахыг уриалсан. Хэрэв Орос Украин руу довтолбол АНУ болон холбоотон, түншүүд шийдэмгий хариу үйлдэл үзүүлнэ гэдгийг тэрбээр тодорхой хэлсэн” гэжээ.
Мөн Цагаан ордны өндөр албан тушаалтан “уулзалтын үеэр Жо.Байден хоёр зүйлийг мэдэгдсэн. Нэг нь дипломат бодлогоор үүсээд буй зөрчилдөөнийг “зөөлрүүлэх”, хоёр дахь нь эдийн засгийн хориг арга хэмжээ” гэжээ.
Гэвч В.Путин үүнийг өөрсдийг нь заналхийлж байна гэж үзэн, шинэ хориг арга хэмжээ авбал Орос, АНУ-ын харилцааг бүрмөсөн тасарч, асар том алдаа болно” гэж Жо Байденд сануулсан байна. Арванхоёрдугаар сарын 7-нд болсон хоёр талын виртуал уулзалтын үеэр В.Путин өнөөгийн хурцадмал байдлыг хүйтэн дайны үеийн Кубын пуужингийн хямралтай зүйрлэж байв. Тэрбээр Украин руу довтлохоор төлөвлөж байсныг үгүйсгэж, Орос цэргээ дангаараа хөдөлгөх эрхтэй гэж мэдэгдэж байсан юм.
President Biden and his Russian counterpart Vladimir Putin are set to hold talks amid increased tensions over Ukraine https://t.co/OP0h9LNaMX pic.twitter.com/yh0Umibhjx
— Reuters (@Reuters) December 30, 2021
Оросын тал сүүлийн хоёр сарын хугацаанд Украинтай хиллэдэг бүс нутгийнхаа ойролцоо хэдэн арван мянган цэргийн хүч төвлөрүүлж, АНУ болон холбоотнуудыг нь түгшээгээд буй.
Эх сурвалж: Guardian