Өчигдөр /2022.01.02/ БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус өдрийн 20:03 цагт Сөүл хотод “Монгол Улсын 3 иргэнийг Солонгос иргэн шалтгаангүйгээр зодсон” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тус мэдээллийн дагуу БНСУ-дах ЭСЯ-ны консулын хэлтэс мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд, “Өчигдөр /2022.01.02/ Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Шиннунхён метроны буудлын ойролцоо Монгол Улсын 3 иргэн бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан. Дээрх мэдээллийг манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүс “Монгол Улсын 3 иргэнийг Солонгос иргэн шалтгаангүйгээр зодсон” гэх ташаа мэдээллийг фэйсбүүк, цахим орчинд түгээж байна.
Тус ЭСЯ-ны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулсан. Цагдаагийн газрын мэдээлснээр манай улсын 8 иргэн хоорондоо маргалдсан явдал болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зодоон болж, нэгнийхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл байхгүй, хэргийг хянан шалгаж байгаа талаар мэдэгдсэн болно” гэжээ.