Өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сарын эхэнд БНСУ-д 13 настай Монгол охиныг дөрвөн Солонгос охин зургаан цагийн турш хүлж, зодсон харамсалтай хэргийн талаар мэдээлж эхэлсэн.
Тус хэрэг өнгөрөгч долдугаар сард үйлдэгдсэн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч тухайн сурагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзээд байсан. Иймд Монголчууд буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан хүсэлт 200 мянгад хүрсэн билээ.
Ингэснээр дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцэх боломжтой болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 01-нд албан ёсоор хүлээж авсан гэж www1.president.go.kr сайтад мэдээлжээ. Гэхдээ өргөдлийг албан ёсоор хүлээж авсан ч одоогоор хариу өгөөгүй байгаа юм.