ВИДЕО: Өмнөд Солонгосын иргэн Хойд Солонгос руу дүрвэсэн хэрэг гарчээ

ВИДЕО: Өмнөд Солонгосын иргэн Хойд Солонгос руу дүрвэсэн хэрэг гарчээ

Хатуу чанга дүрэм, хязгаарлалтаас зугтсан Хойд Солонгосын иргэд Өмнөд Солонгос руу хил зөрчин дүрвэх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл эсрэгээрээ Өмнөд Солонгосын иргэн Хойд Солонгос руу дүрвэсэн хэрэг хоёр хоногийн өмнө гарчээ.

Өмнөдийн армийн мэдээлснээр “Нэгдүгээр сарын 1-ний 22:40 цагийн орчимд үл таних этгээд Цэргийн хилийн шугамыг давж, Хойд Солонгос руу дүрвэсэн” байна. Тус иргэнийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн ч баривчилж чадаагүй аж. Улмаар Өмнөдийн Зэвсэгт хүчний нэгдсэн штаб тус иргэний ​​аюулгүй байдлыг хангах мэдэгдлийг Хойд Солонгосын талд хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна.

Хойд Солонгос цар тахлын улмаас 2020 оны эхээр хилээ хаан, харуул хамгаалалтаа чангатгаад буй. Үүнтэй холбоотой хүний амь эрсэдсэн хэрэг цөөнгүй гарсан. Тодруулбал, Хойд Солонгосын тал 2020 оны есдүгээр сард сураггүй алга болсон Өмнөд Солонгосын иргэнийг хилийн бүс орчимд буудан хөнөөж байв. Үүнийгээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх алхам байсан гэж тайлбарлан, уучлалт гуйж байсан. Одоогоор хил зөрчигчийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалж: Reuters