ЭСЯ: Монгол улсын гурван иргэнийг шалтгаангүйгээр Солонгос иргэн зодоогүй, Монголчууд хоорондоо зодолдсон

2022-01-03 16:32

ЭСЯ: Монгол улсын гурван иргэнийг шалтгаангүйгээр Солонгос иргэн зодоогүй, Монголчууд хоорондоо зодолдсон

Өчигдөр /2022.01.02/ БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус өдрийн 20:03 цагт Сөүл хотод “Монгол Улсын 3 иргэнийг Солонгос иргэн шалтгаангүйгээр зодсон” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тус мэдээллийн дагуу БНСУ-дах ЭСЯ-ны консулын хэлтэс мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, “Өчигдөр /2022.01.02/ Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Шиннунхён метроны буудлын ойролцоо Монгол Улсын 3 иргэн бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан. Дээрх мэдээллийг манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүс “Монгол Улсын 3 иргэнийг Солонгос иргэн шалтгаангүйгээр зодсон” гэх ташаа мэдээллийг фэйсбүүк, цахим  орчинд түгээж байна.

Тус ЭСЯ-ны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулсан. Цагдаагийн газрын мэдээлснээр манай улсын 8 иргэн хоорондоо маргалдсан явдал болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зодоон болж, нэгнийхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл байхгүй, хэргийг хянан шалгаж байгаа талаар мэдэгдсэн болно” гэжээ.

2022-01-03 10:35

БНСУ-д гурван Монгол иргэнийг зодсон этгээдүүдийг эрэн хайж байна

БНСУ-ын Сөүл хотын Сочо-гу хэмээх газарт өнгөрөгч ням гараг/2022.01.02/-т гурван монгол иргэн зодуулсан хэрэг гарчээ. Сочогийн цагдаагийн газрын мэдээлснээр нэгдүгээр сарын 2-ны 03:20 цагийн үед Синнонхён вокзалын ойролцоох гудамжинд эргүүлд гарч байсан алба хаагчид гурван монгол иргэн бэртэл авч, цусандаа будагдсан байдалтай байсныг олсон байна.

Улмаар хэргийн газраас А гэх иргэнийг баривчилсан бол хамт байсан хоёр этгээд нь зугтжээ. Одоогоор зугтсан этгээдүүдийг эрэн хайх үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэргийн газарт чухам юу болсныг олж тогтоох мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлээд байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. 

Эх сурвалж: Сhosun, Ytn