ВИДЕО: Үнийн өсөлтийг эсэргүүцсэн үймээн самууны улмаас Казахстаны засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

ВИДЕО: Үнийн өсөлтийг эсэргүүцсэн үймээн самууны улмаас Казахстаны засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

Шинэ оны эхний өдөр/2021.01.01/ Казахстаны эрх баригчид автомашины зориулалттай шингэрүүлсэн хийн үнийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэвч уг шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш хийн үнэ нэг шөнийн дотор хоёр дахин нэмэгдсэн юм. Үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдөн Засгийн газраа огцрохыг шаардсан.  

Тэгвэл Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев засгийн газрыг огцруулах хүсэлтийг хүлээн авч буйгаа мэдэгдлээ. Ингэснээр тус улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна. Касым-Жомарт Токаев ерөнхий сайдыг солихын зэрэгцээ, ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ хүү Самат Абишийг Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн дэд даргын албан тушаалаас нь чөлөөлжээ. Мөн 72 цагийн хугацаанд шинэ сайдуудыг томилох аж.

Эмх замбараагүй байдал хүчирхийлэл болж эхэлсэн учир Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөө өглөө Алматы болон баруун хэсгийн Мангистау мужид хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал зарласан. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, Алматы хотоос гадна өмнөд хэсэгт орших Чимкент, Тараз хотуудад байх засгийн газрын байруудад халдлага гарч, мөргөлдөөний улмаас 95 цагдаа шархадсан байна. Алматы хотын дарга Бакытжан Сагинтаев оршин суугчдад хандан хэлсэн үгэндээ, хотын нөхцөл байдал хяналтад байгаа бөгөөд аюулгүй байдлын албаныхан "өдөөн хатгагчид болон хэт даврагчдыг" саатуулж байна гэжээ. Цагдаа нар одоогоор 200 гаруй хүнийг саатуулаад байгаа аж.

Эх сурвалж: Reuters