Хойд Солонгос улс Бээжингийн өвлийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Хойд Солонгос улс Бээжингийн өвлийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Хойд Солонгос улс цар тахлын нөхцөл байдлын улмаас ирэх сард болох Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцохгүй гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Тус улсын үндэсний олимпын хороо болон спортын яам БНХАУ-руу уг шийдвэрээ албан бичгээр хүргүүлсэн байна. 

Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг “Хоёрдугаар сард нээлтээ хийх Бээжингийн олимпын наадмын бэлтгэл ажил БНХАУ-ын дарга Ши Жиньпиний удирдлага, хүчин чармайлтын үр дүнд тун амжилттай явагдаж байна. Гэсэн хэдий ч АНУ болон тэдний холбоотнууд Олимпын наадмыг амжилттай явуулахгүйн тулд Хятадын эсрэг нууц ажиллагаа явуулж байна” гэжээ.  Тус улс коронавирусийн цар тахлын улмаас өнгөрсөн зуны Токиогийн олимпод оролцоогүй.

Энэ удаагийн өвлийн олимпод мөн оролцохгүй ч наадмыг амжилттай явуулахад БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.  Коронавирусийн халдварын улмаас Хойд Солонгос 2020 онд хилээ хаасан. Үүнээс үүдэн хүнсний импортууд зогсонги байдалд орж, тус улсад өлсгөлөн нүүрлээд байгаа билээ.

Эх сурвалж: Kyodonews