Омикрон бусад хувилбарын адил “үхлийн аюултай” учир “хөнгөн” гэж нэрлэж болохгүйг ДЭМБ анхааруулав

Омикрон бусад хувилбарын адил “үхлийн аюултай” учир “хөнгөн” гэж нэрлэж болохгүйг ДЭМБ анхааруулав

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) коронавирусийн Омикрон хувилбарыг “хөнгөн” гэж тодорхойлохгүй байхыг уриалж, бусад хувилбарын адил хүмүүсийг үхэлд хүргэж буйг анхаарууллаа.

ДЭМБ-ын тэргүүн доктор Тедрос Адханом Гебрейюс өчигдөр/2022.01.07/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Сүүлийн үеийн судалгаанууд Омикрон коронавирусийн бусад хувилбартай харьцуулахад хүнд өвчлүүлэх магадлал бага байгааг харуулж байна. Гэхдээ Омикроноор өвдсөн хүмүүс эрүүл мэндийн тогтолцоонд хүнд дарамт учруулж байгааг санах хэрэгтэй. Өмнөх хувилбаруудын нэгэн адил Омикрон хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлж, үхэлд хүргэж байна. Омикрон нь халдварлах чадвар маш өндөр учраас коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан хүн ч тусах эрсдэлтэй. Гэхдээ вакцин таныг эмнэлэгт хэвтэх эрсдэлээс хамгаалах чухал ач холбогдолтой гэдгийг санаарай” гэв.

Европын орнууд Омикрон хувилбарын давлагаанд өртөж, эрүүл мэндийн байгууллагууд нь маш ачаалалтай ажиллаж байна. АНУ-д гэхэд өнгөрсөн Даваа гарагт 24 цагийн хугацаанд коронавирусийн 1 сая тохиолдол батлагдав. Их Британид сүүлийн 24 цагт 179,756 тохиолдол бүртгэгдэж, 231 хүн нас баржээ. Францад мөн нөхцөл байдал хүнд байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд Оливье Веран “нэгдүгээр сар эмнэлгүүдийн хувьд маш хэцүү байх болно” гэж анхааруулжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр сүүлийн долоо хоногт дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол 71 хувь, Америкт 100 хувь өссөн байна. Дэлхий даяар хүнд хэлбэрийн өвчлөлийн 90 хувийг вакцинд хамрагдаагүй иргэд эзэлж байгаа аж.

Эх сурвалж: BBC