КАЗАХСТАН: 26 энгийн иргэн амиа алдаж, 3 мянга гаруй хүнийг баривчилжээ

КАЗАХСТАН: 26 энгийн иргэн амиа алдаж, 3 мянга гаруй хүнийг баривчилжээ

Автомашины шингэрүүлсэн хийн газын үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн Казахстаны иргэд жагсаал зохион байгуулж, тус улсад эмх замбараагүй байдал үүсээд байгаа. ОХУ өчигдөр/2022.01.06/ тус улсын ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу жагсаал, цуглааныг намжаахаар энхийг сахиулагчдаа илгээсэн.

ОХУ-ын РИА агентлаг “Манай талаас Казахстан руу 2500 орчим цэргийг илгээгээд байгаа бөгөөд хэдэн өдөр, хэдэн долоо хоногоор байрлах болно” гэжээ. Түүнчлэн Казахстаны Дотоод хэргийн яам “өнөөдөр өглөөний байдлаар “зэвсэгт этгээд” гэж тодорхойлогдсон 26 хүн амиа алдсан бол, 3 мянга гаруй хүнийг баривчлаад байна” гэжээ. Мөн Аюулгүй хамгаалах хүчний 18 орчим алба хаагч амиа алдаж, 748 хүн шархадсан байна. Гэвч бодит байдал дээр амиа алдсан иргэдийн тоо хэд дахин илүү байж магадгүй хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

НҮБ, АНУ, Их Британи, Франц зэрэг орнууд хүчирхийллээс зайлсхийхийг бүх талуудад уриалан одоогоор ажиглах байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Төрийн департамент “ОХУ цэргүүдээ Казахстан руу илгээснийг бид анхааралтай ажиглаж байна. АНУ болон дэлхий нийт хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг ажигласаар байх болно” гэжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдөр ард иргэдэд хандан үг хэлэхдээ ямар ч баримт дурдахгүйгээр үймээн самуунд гаднын бэлтгэгдсэн “террористуудыг” буруутгасан байна. Казахстаныг улс төр судлаачид авторитар дэглэмтэй орон гэж тодорхойлдог. Учир нь сонгууль бүрд эрх баригч нам бараг 100 хувийн саналаар ялалт байгуулж ирсэн бөгөөд Засгийн газарт хүчирхэг сөрөг хүчин байдаггүй.

Эх сурвалж: BBC