Казахстаны ерөнхийлөгч жагсагчдын эсрэг “сэрэмжлүүлэг өгөлгүй буудах” тушаалыг армийнханд биечлэн өгчээ

Казахстаны ерөнхийлөгч жагсагчдын эсрэг “сэрэмжлүүлэг өгөлгүй буудах” тушаалыг армийнханд биечлэн өгчээ

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Дээрэмчид, террористууд” гэж тодорхойлсон жагсагчдын эсрэг “анхааруулга өгөлгүй гал нээж” тушаалыг Аюулгүй байдлын хүчин болон армийнханд биечлэн өгсөн байна.

Тэрбээр өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “эмх замбараагүй байдал намжтал жагсагчдыг сэрэмжлүүлэг өгөлгүйгээр буудан хөнөөх тушаалыг армийнхан хэрэгжүүлсээр байх болно” гэжээ. ОХУ өчигдөр/2022.01.06/ тус улсын ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу жагсаал, цуглааныг намжаахаар энхийг сахиулагчдаа илгээсэн. Мэдэгдэл хийх үеэрээ Токаев ОХУ болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас (ХАБГБ) илгээсэн "энхийг сахиулах хүчин"-д талархал илэрхийлсэн байна.  Мөн энхийг сахиулагчид ямар ч "тулалдаанд" оролцоогүй гэдгийг мэдэгджээ.

Одоогоор мөргөлдөөний үеэр олон арван иргэн амь үрэгдсэн талаар гадаадын томоохон хэвлэлүүд бичиж байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр "зэвсэгт этгээд” гэж тодорхойлогдсон 26 хүн амиа алдсан бол, 3 мянга гаруй хүнийг баривчлаад байгаа аж.

Эх сурвалж: Guardian