Назарбаевын ойрын холбоотон байсан Карим Масимовыг эх орноосоо урвасан хэргээр баривчлав

Назарбаевын ойрын холбоотон байсан Карим Масимовыг эх орноосоо урвасан хэргээр баривчлав

Жагсаалын улмаас огцорсон Казахстаны Тагнуулын газрын дарга асан Карим Масимовыг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Масимов нь Ерөнхийлөгч асан Назарбаевын ойрын холбоотон байсан бөгөөд өмнө нь хоёр ч удаа Ерөнхий сайдын албыг хашиж байсан нэгэн юм. Одоогоор түүнийг яагаад баривчилсан талаар Казахстаны эрх баригчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Газын үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Казахстанд үргэлжилж байсан ч эрх баригчид эргээд хяналтаа тогтоосон байж болзошгүй байна. Тухайлбал, жагсаал хамгийн идэвхтэй өрнөж байсан Алматы хотыг засгийн газар хяналтдаа авсан хэмээн ВВС агентлаг мэдээлжээ. Гэвч Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зарим бүс нутагт "террорист" халдлага гарсаар байна гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч Токаев ямар ч нотлох баримтгүйгээр эмх замбараагүй байдалд гадаадын бэлтгэгдсэн “террористуудыг” буруутгаад байгаа юм.

Мөргөлдөөний үеэр 26 жагсагч, хамгаалалтын албаны 18 ажилтан амь үрэгдсэн гэж Дотоод хэргийн яам мэдэгдсэн. Тус яамнаас мэдээлснээр одоогоор 4000 гаруй хүнийг саатуулсан байна. Гэвч амиа алдагсад болон баривчлагдсан иргэдийн тоог баталгаажуулаагүй байна. Жагсаалын үеэр гар утасны шугам, интернет сүлжээ тасарсан учраас бодит нөхцөл байдлыг мэдэхэд хүндрэлтэй байгаа аж. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө