ОХУ “Америкчууд танай гэрт байх үед амьд үлдэх, дээрэмдүүлэх, хүчиндүүлэхгүй байх нь хэцүү зүйл юм” гэж мэдэгдэл хийв

ОХУ “Америкчууд танай гэрт байх үед амьд үлдэх, дээрэмдүүлэх, хүчиндүүлэхгүй байх нь хэцүү зүйл юм” гэж мэдэгдэл хийв

Казахстаны асуудлаар ОХУ, АНУ-ын хооронд ширүүн маргаан үүсээд байна. Өнгөрсөн Баасан гараг/2022.01.06/-т АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен дотоодын үймээн самууныг зохицуулахын тулд ОХУ-аас цэргийн тусламж хүссэн Казахстаны шийдвэрийг гайхаж буйгаа илэрхийлсэн юм. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен

Тэрбээр сэтгүүлчдэд “Евроазийн цэргийн эвсэл болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) 2500 гаруй цэрэг Казахстанд орж ирээд байна. Гэхдээ Казахстаны засгийн газар эсэргүүцлийн жагсаалыг өөрсдөө зохицуулж чадна гэж АНУ үзэж байна. Оросууд танай гэрт нэг удаа орчихвол буцааж гаргах хэцүү. Казахстаны эрх баригчид болон засгийн газар жагсагчдын эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ жагсаал цуглааныг зохих ёсоор шийдвэрлэх чадвартай байсан. Чухам яагаад гаднын тусламж хэрэгтэй болсон нь тодорхойгүй байна. Бид энэ талаар илүү ихийг мэдэхийг хичээж байна” гэсэн юм. 

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яам Блинкений мэдэгдлийг “доромжлолын шинжтэй” гэж үзэн “Америкчууд танай гэрт байх үед амьд үлдэх, дээрэмдүүлэх, хүчиндүүлэхгүй байх нь хэцүү байх болно” гэсэн хурц үгээр хариулт өгчээ. 

Блинкений хэлсэнчлэн Казахстаны эрх баригчид дотоодын үймээн самууныг намжаахын тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын ажиллагааны хүрээнд ОХУ-аас цэргийн тусламж хүссэн юм. Одоогийн байдлаар ОХУ-ын 2500 гаруй цэрэг, Киргизийн 150 цэрэг Казахстанд очсон гэсэн мэдээлэл байна. 

Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев ямар ч нотлох баримтүйгээр эмх замбараагүй байдалд гадаадын бэлтгэгдсэн “террористуудыг” буруутгаад байгаа юм.  

Эх сурвалж: BBC