В.Путин: Ерөнхийлөгч Токаев “шаардлагагүй” гэж үзэх хүртэл бид цэргийн хүчээ Казахстанд байлгах болно

В.Путин: Ерөнхийлөгч Токаев “шаардлагагүй” гэж үзэх хүртэл бид цэргийн хүчээ Казахстанд байлгах болно

Өчигдөр/2022.01.10/ Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-ын гишүүн орнуудын удирдагчдын виртуал уулзалт зохион байгуулагджээ. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Казахстанд төрийн эргэлт хийх гэсэн террористуудын оролдлогыг амжилттай таслан зогсоосон талаар ярьсан байна.

Түүнчлэн тэрбээр “ХАБГБ-ын цэргийг Казахстанд байршуулснаар зэвсэгт бүлэглэлүүд төрийн эргэлт хийхээс урьдчилан сэргийлж чадлаа. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “цаашид шаардлагагүй” гэж үзэх хүртэл бид цэргийн хүчээ Казахстанд байлгах болно. ХАБГБ-ын аль ч засгийн газрын үйл ажиллагааг доройтуулахыг бид хэнд ч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Казахстанд өнгөрсөн долоо хоногоос шингэрүүлсэн газын үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж эхэлсэн. Жагсагчид Токаевын засгийн газар болон ерөнхийлөгч асан 81 настай Нурсултан Назарбаевын нөлөөг эсэргүүцэж байгаа юм. Харин В.Путин “шатахуун ердөө шалтаг байсан. Гадаадын террористууд шатахууны үнийг өсөлтийг далимдуулан бослого гаргасан” гэжээ.  

Түүнчлэн хуралдааны үеэр Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг “нэг төв”-ийн зохицуулалтаар даван гарч чадлаа. Манай улсад дэг журам сэргэсэн ч "террористуудыг" “агнах” ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Алматы хотод цэргүүд жагсагчид руу буудсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Токаев уг мэдээллийг үгүйсгэж “манай хамгаалалтын албаныхан тайван жагсагчид руу хэзээ ч гал нээхгүй” гэж мэдэгджээ.  

ХАБГБ-д Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зургаан улс багтдаг бөгөөд харилцан нэгнийхээ аюулгүй байдлыг хангах зорилготой цэргийн эвсэл юм. ХАБГБ-ын хамтын ажиллагааны хүрээнд Казахстанд үүсээд буй нөхцөл байдлыг намжаахын тулд ОХУ 2500 гаруй, Киргиз 150 гаруй цэргийн хүчээ илгээсэн.  Одоогийн байдлаар жагсаалын үеэр Казахстанд 160 гаруй хүн амь үрэгдэж, 8 мянга гаруй жагсагчийг баривчлаад байгаа аж.