ДЭМБ: Ойрын зургаагаас найман долоо хоногт Европын тэн хагас нь Омикрон хувилбарын тархалтад өртөх болно

ДЭМБ: Ойрын зургаагаас найман долоо хоногт Европын тэн хагас нь Омикрон хувилбарын тархалтад өртөх болно

Ойрын зургаагаас найман долоо хоногийн дотор Европын тал хувь нь коронавирусийн Омикрон хувилбарт өртөх болно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа. Уг таамаглалыг дэвшүүлэхдээ 2022 оны эхний долоо хоногт Европ даяар бүртгэгдсэн халдварын тоон мэдээллийг үндэслэсэн байна.

Тодруулбал, он гарсаар Европт Омикрон хувилбарын нийт 7 сая гаруй тохиолдол батлагджээ. Үндсэндээ хоёр долоо хоногт халдварын тоо хоёр дахин нэмэгдээд байна.

ДЭМБ-ын зөвлөх, Доктор Ханс энэ талаар мэдээлэл өгөхдөө “Клюге Омикроны баруунаас зүүн тийш чиглэж буй түрлэг Дельта хувилбарын давлагаатай нэгдэж, бүс нутгийг хамарч байна. Барууны орнуудаас Балканы хойгт вирус тархаж байгаагийн улмаас Европ, Төв Азийн орнууд "хүчтэй дарамт"-д орсоор байна. Одоо улс орнуудын хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь тархвар судлалын байдал, эмнэлгийн нөөц, вакцинжуулалтын байдал, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаална” гэжээ.

Европын орнуудад нөхцөл байдал хүнд байна. Их Британид сүүлийн нэг хоногт халдварын 142 мянга гаруй шинэ тохиолдол батлагдаж, 77 хүн нас баржээ. Мөн эмнэлгийн байгууллагад хүний нөөцийн хомстол үүсэж эхэлсэн байна. Франц улсад ч шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо өндөр байгаа бөгөөд Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран энэ нэгдүгээр сард эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулах болно гэж анхааруулав.

ОХУ-ын эрүүл мэндийн дээд албан тушаалтан Анна Попова вирусийн тархалтыг хянах арга хэмжээ авахгүй бол шинээр бүртгэгдэх халдварын тоо 100 мянгад хүрч магадгүй гэжээ.

Сүүлийн үеийн судалгаануудаас харахад Омикрон нь коронавирусийн бусад хувилбараас хүндээр өвчлүүлэх магадлал бага. Гэхдээ халдварлах чадвар өндөр бөгөөд вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс ч тусах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй.  

Эх сурвалж: BBC