ХАРВАРДЫН СУДАЛГАА: Вакцины гурав дахь тун Омикрон хувилбараас хамгаалах дархлааг бий болгож байгаа нь тогтоогдов

ХАРВАРДЫН СУДАЛГАА: Вакцины гурав дахь тун Омикрон хувилбараас хамгаалах дархлааг бий болгож байгаа нь тогтоогдов

АНУ-ын Харвардын их сургууль болон Рагон институтын эрдэмтдийн судалгаагаар вакцины нэмэлт тун коронавирусийн Омикрон хувилбараас хамгаалах дархлааг бий болгож буй нь тогтоогджээ. “Cell” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд АНУ-д одоо хэрэглэж буй вакцинуудын хоёр тун Омикрон хувилбарыг таньж, саармагжуулах хангалттай хэмжээний эсрэг бие үүсгэдэггүй аж.

Эрдэмтэд юун түрүүнд судалгаа хийхийн тулд Омикронтой төстэй "псевдовирус" гэх хувилбарыг лабораторийн орчинд бүтээжээ. “Псевдовирус” нь 2019 оны 12-р сард БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн SARS-Cov-2-ийн анхны омогт байдаггүй 34 төрлийн мутацийг агуулсан байна. Улмаар АНУ-д хэрэглэж буй “Пфайзер”, “Модерна”,  “Жонсон & Жонсон” вакцины хоёр тун шинэ хувилбарын эсрэг хэрхэн үйлчилж буй туршсан аж.

Үүнийг тогтоохын тулд нэр дурдсан вакцинуудын хоёр тунг хийлгэсэн 239 хүний цуснаас дээж авчээ. Судалгаанд мужийн эрүүл мэндийн ажилтнууд болон COVID-19 халдварын өвчлөл өндөр Массачусетс мужийн Челси хотын оршин суугчид оролцсон байна. Мөн “Пфайзер”, “Модерна” вакцины гурав дахь тунд хамрагдсан 70 хүн оролцжээ.

Ингэхэд Фпайзер, “Жонсон&Жонсон” вакцины бүрэн тунд/“Жонсон & Жонсон”нь нэг тунгаар хийгддэг вакцин болно/ хамрагдсан иргэдээс авсан дээжийг ашиглах үед Омикрон хувилбартай төстэй псевдовирусийг маш бага саармагжуулж байжээ. Өөрөөр хэлбэл, вирусийн эсрэг маш бага үйлчлэл үзүүлж байсан аж. Харин гурав дахь тунг хийлгэсэн оролцогчдоос авсан дээжинд хийсэн судалгаагаар Омикроны эсрэг хүчтэй нөлөө үзүүлж буй нь ажиглагдсан байна.

Судалгааны багийн гишүүн, Харвардын Анагаах ухааны сургуулийн профессор Гарсиа-Белтра энэ талаар “нэмэлт тун нь вирусийн баяжуулалтын уурагтай илүү нягт холбогдож, эсрэг бие үүсгэн вакцины нөлөөг нэмэгдүүлдэг. Түүнчлэн SARS-CoV-2-ийн бүх хувилбарын эсрэг чиглэдэг эсрэг бие үүсгэдэг байх магадлалтай. Вакцины нэмэлт тун хийлгэхийн гол ач холбогдол энэ” гэжээ.

Эх сурвалж: Harvard.edu




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө