ВИДЕО: Казахстанд эмх замбараагүй байдал намжиж, нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж эхэлжээ

ВИДЕО: Казахстанд эмх замбараагүй байдал намжиж, нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж эхэлжээ

2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Казахстан улсын эрх баригчид автомашины зориулалт бүхий шингэрүүлсэн хийн үнийг чөлөөлсөн. Гэвч уг шийдвэр хэрэгжиж эхэлсний дараа үнэ нь нэг шөнийн дотор хоёр дахин өсөж, үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдөн эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.

Тэгвэл  Казахстан улсад эмх замбараагүй байдал намжиж, жагсаал цуглаан ид өрнөж байсан Алматы хот эргэн хэвийн байдалдаа орсон талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

-НҮБ: ЖАГСААЛЫН ҮЕЭР 1000 ГАРУЙ ХҮН ГЭМТЭЖ, БЭРТСЭН ГЭВ-

Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 5-ны өдөр тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алматы болон баруун хэсгийн Мангистау мужид хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал зарласан. Гэвч жагсаал, цуглаан хүрээгээ тэлж эхэлсэн тул тун удалгүй онц байдлыг улс даяар болгон өргөжүүлсэн юм. Үүний дараа Токаев ОХУ тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүссэн. Түүний хүсэлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт ОХУ 2500 гаруй энхийг сахиулагчдаа Казахстан руу илгээсэн билээ. Мөн Бямба гарагт Киргиз 150 гаруй цэргийг байлдааны техникийн хамт тус улс руу явуулаад байсан юм. 

Энхийг сахиулагчид ирсний дараа Казахстаны нөхцөл байдал эргээд хэвийн болсон талаар өчигдөр/2022.01.12/ хийсэн мэдэгдэлдээ Токаев дурджээ. Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар жагсаал цуглаан идэвхтэй өрнөж байсан Алматы хотод нийтийн тээвэр, метро, худалдааны төв, эмнэлэг, эмийн сангууд хэвийн ажиллаж эхэлсэн байна. Үүнээс гадна долоо хоног тасалдаад байсан интернетийн сүлжээ ч хэвийн болжээ.

ХАБГБ-ын Батлан ​​хамгаалахын сайд нарын зөвлөл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр ээлжит бус хуралдаан хийж, энхийг сахиулагчдыг Казахстанаас гаргах журмыг албан ёсоор батлах аж. Энэ талаар ХАБГБ-ын цахим хуудсанд “ХАБГБ-ын энхийг сахиулах хүчнийг Казахстанаас гаргах ажил нэгдүгээр сарын 13-наас эхэлж, арав хоногийн дотор дуусна” гэсэн байна.

НҮБ-ын мэдээлснээр Казахстанд болсон жагсаалын үеэр 1000 гаруй хүн гэмтэж, бэртжээ. Харин Казахстаны Дотоод хэргийн яам “Аюулгүй байдлын 17 ажилтан амиа алдаж, 1300 гаруй хүн шархадсан гэсэн мэдээллийг өгөөд байна. Жагсаалын эхэн үед 28 иргэний амь үрэгдсэн талаар ВВС, CNN тэргүүтэй хэвлэлүүд мэдээлж байсан. Гэвч Токаев анхааруулгагүйгээр шууд буудах тушаал өгсний дараа амиа алдагсдын тоо 160-д хүрсэн гэж зарим эх сурвалж хэлж байв. Тус улсын Эрүүл мэндийн яам жагсаалын улмаас 164 хүн амиа алдсан гэж мэдээлсэн ч маргааш нь Токаев үүнийг үгүйсгэж “уг мэдээлэл алдаатай бөгөөд 29 хүний амь үрэгдсэн” гэсэн юм.

Ямартай ч тун удахгүй олон улсын хүний эрхийн байгууллагууд дүн шинжилгээ хийж, жагсаалын үеэр амиа алдагсад болон гэмтэж, бэртсэн хүмүүсийн тоог албан ёсоор мэдээлэх болно хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Aljazeera, BBC