ШУУРХАЙ МЭДЭЭ: 13 настай Монгол охиныг хүчирхийлсэн дөрвөн сурагчийг хүүхдийн хорих ангид ял эдлүүлэхээр болжээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: 13 настай Монгол охиныг хүчирхийлсэн дөрвөн сурагчийг хүүхдийн хорих ангид ял эдлүүлэхээр болжээ

Өнгөрсөн сарын эхээр БНСУ-ын дунд ангийн дөрвөн сурагч 13 настай монгол охиныг зодож, гар хөлийг нь скочоор хүлэн хүчээр согтууруулах ундаа өгч буй бичлэг цацагдаж олон нийтийг цочирдуулсан. Уг хэрэг өнгөрөгч долдугаар сарын 3 /2021.07.03/-нд болсон бөгөөд маргааш нь буюу долдугаар сарын 4-ны өдөр цагдаагийн газарт бүртгэгдсэнээр албан ёсоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр/2022.01.13/ хэргийг үйлдсэн дөрвөн сурагчид холбогдох шүүх хурал болжээ.

Тодруулбал, БНСУ-н ерөнхийлөгчийн ажлын алба, цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор дөрвөн сурагчийг тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Ульсан хотын прокурорын газраас хэргийн сэжигтэн болох дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлж, улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байлгахаар болсон юм. Гэвч БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ, хохирогч охины эцэг, эхийн хамтаар БНСУ-ын хэвлэлүүдэд гомдол гаргасан байна. Улмаар SBS, MBS, JTBC тэргүүтэй телевизүүд уг хэргийн талаар мэдээлж, олны анхаарлыг хандуулж чадсанаар хурдан шийдэгдэхэд нөлөөлсөн хэмээн БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ мэдээллээ.