РОЙТЕРС: Рио Тинто, Монголын засгийн газар "Оюутолгойн гүний уурхай"-г эхлүүлэх тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ

РОЙТЕРС: Рио Тинто, Монголын засгийн газар "Оюутолгойн гүний уурхай"-г эхлүүлэх тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ

Рио Тинто болон Монголын засгийн газар Оюутолгойн зэс, алтны уурхайн төслийн 6.93 тэрбум ам.долларын өргөтгөлийн төслийн үргэлжилсэн маргааныг эцэслэж, тохиролцоонд хүрснээ Мягмар/2022.01.25/ мэдэгдлээ.

"Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталсан бөгөөд энэ талаар “Туркойс” Хилл Ресурс компаниас мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд “Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талууд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэрэгцээг хангахад чиглэсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан санхүүжилтийн гэрээг байгуулахаар тохиролцсон. Мөн газар доорх мониторингийн хамтын ажиллагааг сайжруулахаар тохиролцлоо” гэжээ. "Туркойз Хилл Ресурс" компани Монголын Засгийн газрын 34 хувьд ногдож байсан 2.4 тэрбум ам.долларын зээлийг бүрэн хариуцахаар тохиролцсон. Энэхүү зээлд Монголын Засгийн газрыг төлөөлөн хэрэгжүүлэгч "Эрдэнэс Оюутолгой"-н нэрийн өмнөөс TRQ-ийн "Оюу толгой" компанид оруулсан хөрөнгийн хэмжээ болон 1.4 тэрбум ам. доллар болон нэмэгдүүлсэн хүүгийн 1 тэрбум ам.доллар багтсан. 

Гэрээнд оруулсан шинэчилсэн заалтаар гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардагдсан суурь санхүүжилтийн хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Энэ нь 2021 оны есдүгээр сарын 30-ны тооцооллоос 200 сая доллароор буурсан үзүүлэлт юм.

Гүний уурхай олборлолтыг ийнхүү эхлүүлэх шийдвэр гаргаснаар 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж тооцоолжээ.

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Стаушолм мөн “Дэлхийн хамгийн том зэсийн уурхайн төслүүдийн нэгийг урагшлуулж, Монгол Улсыг дэлхийн хөрөнгө оруулалтын эх орон болгохын тулд Рио Тинто, Туркойз Хилл Ресурс нартай үр бүтээлтэй хамтран ажиллах амлалт өгсөнд Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: Reuters