ВИДЕО: АНУ цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, НАТО "Оросын эсрэг зогсоно" гэдгээ мэдэгдлээ

ВИДЕО: АНУ цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, НАТО "Оросын эсрэг зогсоно" гэдгээ мэдэгдлээ

Украины асуудал хурцдаад буй энэ үед АНУ 8500 гаруй цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн талаар Пентагон мэдэгдлээ.

Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби “НАТО шуурхай арга хэмжээ авч, хүчээ идэвхжүүлэхээр шийдсэн тохиолдолд аль эсвэл ОХУ армийн нөөцөө нэмэгдүүлэхийг оролдвол цэргийн хүчээ оруулна” гэжээ. Түүнчлэн тодорхойгүй тооны цэргийн хүчийг яаралтай тохиолдолд нэмж дайчлахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн байна.

Украины асуудал том гүрнүүдийн анхаарлын төвд ороод байна. ОХУ зэвсэглэн халдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Дани, Испани, Франц, Нидерланд зэрэг НАТО-ийн зарим гишүүн орон бүс нутгийн хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд зүүн Европ руу сөнөөгч онгоц, байлдааны хөлөг онгоц илгээхээр төлөвлөөд буй. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-аас 90 орчим тонн байлдааны сум, зэвсгийг Украинд ирүүлсэн байна.

Өчигдөр/2022.01.24/ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Европын холбоотнуудтайгаа виртуал уулзалт хийсэн. Уулзалтад Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Италийн Ерөнхий сайд Марио Драги, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда, НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг, ЕХ-ны удирдагч Урсула фон дер Лейен, Чарльз Мишель нар оролцсон юм.

Уулзалтын дараа удирдагчид “Хэрэв Орос Украин руу дахин халдах юм бол холбоотон орнууд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээг авна” гэсэн тохиролцоонд хүрсэн байна.

ОХУ-ын зүгээс Украин руу дайрахгүй гэсэн байр суурийг илэрхийлж буй. Гэвч АНУ тэргүүтэй их гүрнүүд үүнийг үгүйсгэж байгаа юм. Даваа гарагт болсон уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Тагнуулуудын мэдээлж буйгаар Орос Украины нийслэл Киевт "аянга буулгахаар" төлөвлөж байгааг анхааруулсан. Украины хил дээр Оросын 60 байлдааны бүлэг байгаа гэсэн тагнуулын мэдээ Оросын дайны төлөвлөгөөг бүрэн харуулж байна. Хэрэв Украин руу довтолбол гамшиг болно гэдгийг Кремльд ойлгуулах хэрэгтэй” гэжээ.

Харин Кремль НАТО-г аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж, хөрш Украин руу үйл ажиллагаагаа тэлэхгүй байх хуулийн баталгааг шаардаж байна. Гэвч АНУ “энэ бол НАТО-гийн үйл ажиллагааны тэлэлтийн биш, Оросын түрэмгийллийн асуудал” гэжээ. Нөхцөл байдал хурцадсан тул Байдены засах захиргаа элчин яамны ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийг Украинаас татсан бол араас нь Их Британи улс АНУ-тай адил шийдвэр гаргасан юм.

ВИДЕО: 

Эх сурвалж: BBC