461-р ангид дуучин Б.Амархүүгээс мөрдөгчид байцаалт авч байна

2019-09-20 12:47

461-р ангид дуучин Б.Амархүүгээс мөрдөгчид байцаалт авч байна

Яг одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа урьдчилан хорих 461-р ангид хар тамхи мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдан улмаар хоригдож буй дуучин Б.Амархүүгээс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн мөрдөгч нар байцаалт авч байна.

Учир нь түүнийг баривчилах үед нь нэг болон өөрийнх нь эзэмшлийн автомашин дотор нь хуулийн дагуу нэгжлэг хийх үед нь гэрээс нь хар тамхи илэрсэн байна. Иймд түүнийг хууль бусаар хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар хадгалсан гэх зүйл ангид буруутган байцаалт мэдүүлэг авч байгаа аж.

2019-09-20 10:45

Дуучин Б.Амархүүгийн гэр бүлийнхэн 461-р ангийн гадна байна

Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө дуучин ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол улсын СТА Б.Амархүү өөрийн эзэмшлийн автомашин дотроо хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байх үедээ үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригджээ.

Б.Амархүү нь Хан-Уул дүүрэгт байрлах нэгэн зочид буудлын гаднах зогсоол дээр өөрийн улаан өнгийн бенз автомашиндаа мансуурч байхад нь баривчилсан бөгөөд түүний гэр нь тухайн зочид буудлын дээд давхарт байрладаг юм байна. Мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан Б.Амархүүгийн автомашинд нь болон гэрт нь мөрдөгч нар хуулийн дагуу нэгжлэг хийн зарим шаардлагатай нотлох баримтуудыг бэхжүүлэн авч улмаар цагдан хорих байр луу авч явжээ.

Хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь үйлдэл дээрээ баригдаж нотлогдсон тул түүнийг шууд цагдан хорьсон аж.

Одоогийн байдлаар дуучин Б.Амархүү Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Яг одоо хорих 461-р ангийн гадна Б.Амархүүгийн гэр бүлийнхэн нь  байна гэдгийг эх сурвалж мэдээлж байна.