Украины үндэсний гвардийн цэрэг тус улсын төв хэсэгт байрлах цэргийн үйлдвэрийн хамгаалалтын таван ажилтныг буудаж, мөн таван хүнийг хүнд болон хөнгөнөөр шархдуулжээ.
Уг хэрэг өнөөдөр/2022.01.27/ үүрээр Днепр хотын Пивденмаш пуужингийн үйлдвэрт ээлжийн харуулуудад зэвсэг тарааж байх үед болсон гэж цагдаагийн мэдэгдэлд дурдсан байна.
Украины Дотоод хэргийн яамны мэдээлснээр “Халдлага үйлдэгч Калашников автомат буугаар гал нээж хэргийн газраас зугтсан бөгөөд одоогоор ямар шалтгаанаар хэрэг үйлдсэн нь тодорхойгүй байгаа” аж. Мөн цагдаа нар оргосон цэргийг эрэн сурвалжилж байна. "Пивденмаш" нь батлан хамгаалах, аэронавтик, хөдөө аж ахуйтай холбоотой материал үйлдвэрлэдэг, туршилт хийгддэг үйлдвэр юм.
Уг халдлага Укрианы армийн хувьд маш эмзэг үед тохиолоо. Тодруулбал, ОХУ тус улстай хиллэдэг бүсэд 100 мянга гаруй цэргээ төвлөрүүлж, маш хурцадмал байдал үүсээд байгаа юм. НАТО-ийн гишүүд Оросыг Украин руу халдан довтлохоор төлөвлөж байна гэж буруутгаж байгаа ч Оросын талаас үүнийг үгүйсгэсээр байгаа юм.
Эх сурвалж:Аljazeera