Сар шинийн баяртай холбогдуулан иргэд орон нутгийг зорихдоо өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулах тохиолдол их гарч байна.
Шинийн нэгний өдөр буюу хоёрдугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий баг орох замд голын мөс цөмөрч, автомашин голд суусан байна. Тус автомашинд 32 настай эр, 26 настай эм, 2, 4 настай 2 эрэгтэй хүүхэд, 6 настай эмэгтэй хүүхэд байсныг ОБ-ын алба хаагчид шуурхай ажиллаж аюулгүй байдлыг ханган, автомашиныг уснаас гаргасан байна. Иймд гол, мөрөн, нуурын мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулжээ.