УКРАИНД БУЙ МОНГОЛ ИРГЭН: Гаднын хэвлэлүүд л "дайн болох гэж байна” гэх мэдээгээр "бөмбөгдөж" байгаа болохоос Украинд бүх зүйл тайван байгаа

УКРАИНД БУЙ МОНГОЛ ИРГЭН: Гаднын хэвлэлүүд л "дайн болох гэж байна” гэх мэдээгээр "бөмбөгдөж" байгаа болохоос Украинд бүх зүйл тайван байгаа

ОХУ, Украины хил дээр 100 мянга гаруй цэргээ төвлөрүүлж, өнөө маргаашгүй л халдан довтлох гэж байгаа мэт мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр цацагдаж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт “ОХУ хоёрдугаар сард Украин руу дайрч болзошгүй” талаар мэдэгдсэн нь нэлээдгүй шуугиан тарив.

Тэгвэл Украины ард иргэд уг нөхцөл байдлыг хэрхэн үнэлж, дүгнэж буй буй, нийгэм эдийн засгийнх нь байдал ямар байгаа талаар бид тус улсад ажиллаж, амьдардаг Монгол иргэнтэй ярилцлаа.

-АЙХТАР МЭДЭЭЛЛИЙН ДАЙНЫГ ТОМ ГҮРНҮҮД ХОЁР ТАЛДАА Л ХИЙГЭЭД БАЙГАА БОЛОХООС УКРАИНД БҮХ ЗҮЙЛ ХЭВИЙН БАЙНА-

-Сайн байна уу. Та Украинд хэзээ очсон бэ. Одоо аль хотод оршин сууж байна вэ?  

-Сайн. Намайг Буянтогтохын Анхбаяр гэдэг. Би 2013 онд анх Украинд ирж сургуулиа бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. Одоо Украины нийслэл Киев хотод ажиллаж, амьдарч байна.

-Өнгөрсөн сараас эхлээд Орос, Украины харилцаа нэлээдгүй хурцадмал байдалд шилжлээ. Барууны хэвлэлүүдээр бараг л дайн болох гэж байгаа мэт мэдээллүүд гарч байна. Орос, Украины хил дээр 100 мянган цэргээ төвлөрүүлсэн л гэнэ, Орос, Украин руу дайрахаар бэлдэж байгаа л гэнэ. Яг Украины дотоод нөхцөл байдал ямар байна вэ?

-Миний амьдарч байгаа Киев хотод ямар ч дайны нөхцөл байдал үүсээгүй байна. Яг л урд өмнө нь ямар байсан, тэр хэвээрээ л аж төрж байна даа. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь ч хэвээрээ. Ажлаа хийдгээрээ хийгээд л явж байна. Орос, Украины хил дээр цэргээ төврүүлсэн талаарх мэдээлэл гарсан ч иргэдийн амьдралд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Цэрэг, арми орж, гарсан тийм зүйл ч харагдахгүй байгаа.

-Украины иргэд энэ нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна. Айсан, болгоомжилсон зүйлс ажиглагдаж байна уу?

-Ард иргэд нь ердийнхөөрөө ажлаа хийгээд л, баяр наадмаа тэмдэглээд л маш тайван байгаа. Гадаадын хэвлэлүүд л Украины хилд цэрэг төвлөрүүлж байна, зэр зэсвэг оруулж байна гэсэн мэдээллүүдээр “бөмбөгдөж” байгаа болохоос ард иргэдэд мэдэгдэх зүйл юу ч байхгүй. Айхтар мэдээллийн дайныг том гүрнүүд хоёр талдаа л хийгээд байгаа мэт санагдаж байгаа. Украинчууд 2014 оны хавар болсон явдлаас нэлээдгүй сургамж авцгаасан. Ямар ч мэдээллийн шуурганд бухимдаж, сандралгүй, эдийн засагтаа өөрчлөлт оруулалгүй хүлээж авдаг. Ядахдаа дайны сургаар зарим хүн хүнсээ цуглуулна шүү дээ. Тийм ч зүйл ажиглагдахгүй, бүх зүйл тайван байгаа. Иргэд нь ч дайтъя гэсэн ямар ч бодолгүй байгаа нь тод харагддаг. Украинчууд харьцангуй ухаалаг ард түмэн.

-Украины дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд энэ нөхцөл байдлыг яаж мэдээлж байна. Хил дээр цэргүүд төвлөрүүлсэн талаар мэдээлж байна уу?

-Ер нь байхгүй. Цэргүүд ороод ирлээ, Оросууд цэргээ төвлөрүүлж байна гэсэн ямар нэгэн видео, бичлэг цацахгүй байгаа. Олон нийтийн сүлжээгээр ч энэ талаарх мэдээлэл харьцангуй бага харагддаг. Гэхдээ Украины гадаад яамны сайтад мэдээллүүд тавигддаг. Та бүхэн ч уншиж болно.

-ХЭРЭВ ЦЭРГИЙН ЦУВАА ЯВАХ, ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ДАЙНД БЭЛДЭЖ БАЙГАА ЗҮЙЛ АЖИГЛАГДСАН БОЛ ИРГЭД НЬ ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР ШУУГИХ БАЙСАН-

-Өнгөрсөн сараас Оросын тал Украинтай хиллэх хил дээрээ цэргийн хүчээ төвлөрүүлж байна гэсэн мэдээлэл түгж эхэлсэн. Яг тухайн үед өргөн хэрэглээний барааны үнэ өсөх гэдэг ч юм уу, дотоодын эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Тийм зүйл огт ажиглагдаагүй. Яахав улирал, баяртай холбоотой бага зэрэг үнийн өсөлт байсан. Харин огцом өсөлт огт ажиглагдаагүй. Саяхан долларын ханш бага зэрэг өссөн. Гэхдээ энэ нь дайнтай ямар ч холбоогүй гэж бодож байна.

-Украины талаас цэргүүдээ хил дээр төвлөрүүлж байна уу. Цэргийн цуваа явуулж байгаа гэсэн мэдээлэл барууны зарим хэвлэлээр цацагдсан?  

-Миний амьдарч байгаа хотод тийм зүйл ажиглагдаагүй шүү. Хэрэв цэргийн цуваа явах, ямар нэгэн байдлаар дайнд бэлдэж байгаа зүйл ажиглагдвал иргэд нь цахим сүлжээнд шуугина шүү дээ. Украинд цахим сүлжээгээр мэдээлэл маш хурдацтай түгдэг.

-Украинд Монголын элчин сайдын яам байдаггүй. Хэрэв ямар нэгэн байдлаар аюултай нөхцөл байдал үүсвэл иргэд хаана хандах вэ. Украинд амьдарч байгаа Монголчууд мэдээллийг яаж авч байна?

-Тийм. Украинд албан ёсны элчин сайдын яам байдаггүй. Харин Польшийн элчинд харьяалагддаг, Консул гэж бий. Энд Монголын 60 гаруй оюутан, 10 хүрэхгүй гэр бүл сурч, ажиллаж амьдардаг. Оюутнууд цахим сүлжээнээс, найз нөхдөөсөө асуугаад л мэдээ мэдээллүүдээ авдаг байх. Миний хувьд телевиз, сайтуудаас мэдээллээ авдаг.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.