Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгоно

Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгоно

Төрийн өмчийн зургаан их сургуулийг хөтөлбөрийн давхцалгүй болгох гэрээг өнгөрсөн хавар байгуулсан билээ.

Энэ дагуу эхний үр дүнгүүд гарч эхэлсэн буюу оюутнууд аль сургуульд суралцахаас үл хамааран сайн багшийн хичээлийг сонгож, кредитээ нэмэх боломжтой болж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Нөгөө талаас, сайн хөтөлбөртэй, чанартай хичээлийг олон оюутан сонгосноор тухайн багш илүү өндөр цалин, урамшуулал авах боломж бүрдэж байгаа юм байна.

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн. Тэгвэл энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломж нээгджээ.

Энэ удаагийн сонгон судлах хичээлийн саналыг 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийг дуустал https://hutulbur.num.edu.mn/exchange/ цахим системээр бүртгэх аж.

Мөн суралцагчид нь өөрийн хөтөлбөрийн төсөөтэй хичээлээр дүйцүүлэх, чөлөөт сонголтын багцын биелэлтэд тооцуулах эсвэл өөрийн хүсэл сонирхлоор хөтөлбөрийн биелэлтэд тооцуулахгүйгээр сонирхсон бусад их сургуулийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой.

Хичээл солилцооны үйл ажиллагааны зорилго, хэлбэрийн талаар энэхүү холбоос дахь мэдээнээс дэлгэрэнгүй танилцах боломжтой. Мөн хичээл солилцооны үйл ажиллагааг зохицуулах журамтай энд дарж танилцана уу. 

Эх сурвалж: БШУЯ