Манай улсад хүрэлцэн ирсэн аль ч улсын иргэн вакцинд хамрагдах боломжтой

Манай улсад хүрэлцэн ирсэн аль ч улсын иргэн вакцинд хамрагдах боломжтой

Монгол Улсын газрын хилийн боомттой аймгуудад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжлэх ч хилээр зорчих хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй гэдгийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр мэдээлэв.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, цар тахлын шар түвшинд шилжсэн. Ингэхдээ хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импорт тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, "Хил, гаалиар зорчих хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Хамгийн гол нь тухайн боомтын бүсэд халдварын тархалт гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана" гэдгийг тодотгов.

Манай улс өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттай нээж эхэлсэн бөгөөд агаарын хилээ энэ оны зургаадугаар сарын 1-нээс нээсэн юм. Ингэхдээ, гадаадаас ирж байгаа иргэнийг шинжилгээнд хамрагдсан байх, ирээд тусгаарлах зэрэг арга хэмжээ авч байсан нь гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдад хүндрэлтэй байв. Тэгвэл одоо ямар нэгэн хязгаарлалтын арга хэмжээ тавихгүй бөгөөд зөвхөн тухайн иргэн вакцины бүрэн тунд хамрагдсан эсэхээс хамаарч шинжилгээ өгснөөр Монгол Улсад хүрэлцэн ирэхэд нээлттэй юм. Түүнчлэн манай улсад хүрэлцэн ирсэн аль ч улсын иргэн вакцинд хамрагдах боломжтой аж.

Дэлхий нийтэд коронавируст халдварын омикрон хувилбарын давалгаа буурах шатандаа орж байна. Манай улсын хувьд, нэгдүгээр сарын 25-ны өдрийнхтэй харьцуулбал, нийт шинжилгээнд эерэг гарах үзүүлэлт өнөөдрийн байдлаар 50 хувь буурсан байна.